ЕТГ: Морин хуурын чуулгад “Чингис хаан” одон хүртээж, цаашид өргөтгөн дэмжинэ

untsugmn 2023-11-13

ЕТГ-аас мэдээлэл хийлээ.

Маргааш (2023.11.14) Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Энэ өдөр төрийн дээд “Чингис хаан” одонг хүртээдэг.

Тэгвэл өнөө жил Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад “Чингис хаан” одон хүртээх болсон талаар ЕТГ-аас мэдээллээ.

Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Жил бүр Их эзэн Чингис хааны төрсөн өдрийн өмнөх өдөр, “Чингис хаан” одонг хэнд хүртээх болсон талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ дагуу, Морин хуурын чуулгад олгохоор болоод байна.

Чуулга маань өдгөө 36 орон тоотой. Цаашид өргөтгөх ёстой гэж үзэж байгаа. Найрал хөгжмийн хэмжээнд хүргэж, орон тоо, бүтэц зохион байгуулалт болон материал баазыг сайжруулах чиглэлтэй ажиллаж буй” гэлээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин “Морин хуурын чуулга бол орчин үеийн болоод ягуур урлагийг зэрэг хөгжүүлж буй урт удаан түүхтэй байгууллага. Морин хуур бол бидний оюун санааны илэрхийлэл. Энэ чухал хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг Морин хуурын чуулга авч явдаг. 2003 онд морин хуурыг ЮНЕСКО-д бүртгэж авсан байдаг.

Морин хуурын чуулга бол нэг талаар манай соёлын элч. Бид улсын хэмжээнд орчин үеийн болон язгуур урлагийг тэгш хөгжүүлэх бодлого барьдаг. Морин хуурын чуулга дэлхийд энэхүү язгуур хөгжмийг таниулж, олон улсын сонгодог хөгжим болгоход анхаарч ажилладаг.

2021 оноос дэлхийн тойм тайзуудад олон тоглосон. Сүүлд Франц дахь Версайн ордонд тоглосон. Цаашид бид чуулгаар дамжуулан морин хуураа сурталчлан, түгээн дэлгэрүүлэхэд үргэлжлүүлэн анхаарахаа хэлэхэд таатай байна” гэлээ.