……………………….
-Сайн байна уу Та?
-Сайн сайн. За хүү минь, би уурхайн хаалтын талаар өөрийн гэсэн ойлголт авах гэж ирлээ дээ.
-Та наашаа суу, тавагтай идээ амс. Одоо танд тодорхой тайлбарлаад өгье. Танд эхлээд асуулт байна уу?
-Байна аа. Энэ Салхитын уурхай чинь одоо хаагдах гээд байна уу. Уурхайн хаалт гэхээр нь тэгж ойлголоо.
-Үгүй ээ ах аа. Уурхайн хаалт гэдэг нь одоо хаагдах тухай биш, 10 жилийн дараах хаалтыг одооноос төлөвлөх тухай л яриад байгаа юм.
-Аан зөв зөв. Нутгийн бид чинь тиймшүүхэн л ойлголттой яваад байсан юм. Уурхай хаалттай байсан, одооноос нээлттэй болох нь дээ, ашгүй. (Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багаас ирсэн нутгийн иргэн, бидний дунд ийм яриа өрнөв. MERIT төслийн багийн чадварлаг зөвлөхүүд уурхайн хаалтын тухай тал бүрийн мэдээллийг сонирхсон хүн бүрт энэ мэтээр уйгагүй өгч байлаа.)
……………………….
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ШИНЭ ХУУДАС НЭЭСЭН ОРОЛЦОО
Уурхай хаалт гэхээр орон нутгийн иргэд битгий хэл, салбарын түвшинд ч бүрэн, сайн мэдлэг, мэдээлэлтэй болж амжаагүй яваа.
Монгол Улсад уурхай хаасан түүх үгүй. Эрх зүйн хувьд ч шинэ тутам ойлголт. Тийм болохоор энэ нь мэргэжлийн багийн нөр их хөдөлмөрийн үндсэн дээр, олон цуврал уулзалт хэлэлцүүлгийн дүнд олж авах шинэ мэдлэг юм.
Салхитын мөнгө, алтны ордын хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд MERIT төслийн баг 1 жил, 9 сарын хугацаанд нийт 3 удаагийн томоохон хэлэлцүүлэг, оролцогч талуудын 13 удаагийн уулзалт, чадавх бэхжүүлэх 5-8 удаагийн сургалтыг зохион байгуулав.
Канадын эрдэс баялгийн салбарт амжилттай нэвтэрсэн уурхайн хаалтын жишиг стандарт Монголын төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн үйл ажиллагаанд бүрэн шингэж, уурхайг тогтвортой бөгөөд төлөвлөгөөтэйгээр хаахад мэдээж хугацаа хэрэгтэй.
Хамгийн чухал нь салбарын яамдууд, төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн иргэд, хэвлэл мэдээллийнхэн гээд олон талын оролцогчид энэ төсөл дээр санаа, зорилго, хүч боломжоо нэгтгэж ажилласан юм.
Чухамдаа тэдний нэгдмэл санаа, зорилгын дүнд бий болсон “Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө” эрдэс баялгийн салбарт шинэ хуудсыг нээж байна. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран нээлттэй хэлэлцүүлгүүддээ идэвхтэй оролцсон Дундговийн иргэд бол салбартаа үлгэр жишээч.
Иргэдийн ийм жишиг оролцоонд тулгуурлан боловсруулсан “Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө”-г MERIT төслийн баг холбогдох талуудад (07.03) хүлээлгэн өгсөн юм.
………………………
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХЭД ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Эрдэс баялгийн салбарт соён гэгээрүүлэх үйлсийг дэлгэрүүлж яваа “Эрдэс баялгийн тойм” сонины Редакц нь MERIT төслийн баг болон бусад оролцогч талуудтай Хөгжлийн сэтгүүл зүйн зарчмыг илүүтэй баримтлан, арга хэлбэрийг нь тодорхойлон ажиллаж байна.
Дэлхий ертөнцөд эдүгээ “Иргэний сэтгүүл зүй”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, “Цахим сэтгүүл зүй”, “Байгаль орчны сэтгүүл зүй”, “Уул уурхайн сэтгүүл зүй”, “Шинжлэх ухааны сэтгүүл зүй”, “Сурталчилгааны сэтгүүл зүй”, “Судалгааны сэтгүүл зүй”, “Дата сэтгүүл зүй” зэрэг олон төрлөөр хөгжиж буй.
Тэгвэл “Хөгжлийн сэтгүүл зүй гэж юу вэ?
Энэхүү шинэ төрлийн сэтгүүл зүй нь товчхондоо орон нутгийн иргэдийн идэвх оролцоог сайжруулж, эерэг ойлголт мэдээллийг түгээн, бодит зөв шийдвэр гаргахад нөлөөлөх чиг хандлага, зарчимтай.
Тогтвортой хөгжлийг дэмжигч сэтгүүл зүй гэж тодорхойлж болно. Чухамдаа тогтвортой хөгжлийн төлөө иргэдийг чадавхжуулахад MERIT төслийнхөн онцгой анхаарч ирснийг онцольё.
Жишиг төсөл орон нутгийн иргэдийг мэдлэг, мэдээллээр хангаснаар хаалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хаалтын менежментийн хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ойлгох гээд олон талын мэдээлэл, мэдлэгтэй болоход Хөгжлийн сэтгүүл зүй үүрэг цаашид ч их байх болно. Тухайлбал, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр”-т “Уурхайн хаалтын дараа тогтвортой хөгжил рүү шилжих төлөвлөгөөг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор боловсруулсан байвал зохино” гэжээ.
Энэ нь дээр дурдсанчлан “Хөгжлийн сэтгүүл зүй”-н үйл ажиллагаа бөгөөд “Эрдэс баялгийн тойм” сонины хамтран ажиллаж, хэрэгжүүлж байгаа ажлууд мөнөөс мөн гэдгийг тодотгоё.
Мандалговьд (2023.13-14) зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т гэхэд 150 гаруй иргэн төслийн үндэсний зөвлөх багуудтай ганцаарчлан уулзаж, мэдээллээ авч, 15-30 минутын турш харилцан ярилцаж, саналаа солилцсон.
Хоёр өдрийн турш давхардсан тоогоор 1200 иргэд залуус оролцсон ба “Эрдэс баялгийн тойм” сонины бэлтгэсэн уурхайн хаалтын талаарх тусгай дугаартай нэг бүрчлэн танилцан мэдээллээ авч байлаа. Цаашид орон нутгийн харилцаанд Хөгжлийн сэтгүүл зүй энэхүү хамтын ажиллагааны зарчмаар үргэлжилнэ.
……………………….
ХӨГЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААР ТОВЧХОН…
-1968 онд байгуулагдсан, Манилад төвтэй Азийн хэвлэлийн сан /Press Foundation of Asia/ нь хөгжлийн сэтгүүл зүйн үндэс суурийг тавьсан.
-Энэ байгууллага нь эдийн засаг, хүн ам, хөгжлийн сэдвээр бэлтгэсэн сэтгүүл зүйн үлгэр жишээ бүтээлээр /мэдээ, сурвалжлага/ бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хангах үйл ажиллагаа эрхэлдэг байв.
-Хөгжлийн мэдээллийн харилцаа” үндэсний хөгжил, эв нэгдлийг бататгах чухал хэрэгсэл болж байсан 1960-аад онд Зүүн Хойд Азийн орнуудад /Филиппин, Индонез/ хөгжлийн сэтгүүл зүйн тухай ойлголт бий болж, хөгжсөн юм.
-Хөгжлийн сэтгүүл зүйн “эх баригчид” нь Азид алдартай 60-аад оны сэтгүүлчид байв.Тухайн үеийн авторитар засгийн газрууд тэднийг авилгал, гэмт хэргийг илчилснийх нь төлөө шоронд хорьж, сонинг нь хааж байв. Гэвч тэд сэтгүүл зүйн шинэ арга барилаар Хөгжлийн төлөө тэмцэж ирсэнээрээ анхдагчид болжээ.
-Энэтхэг, Малайз зэрэг оронд 1970-аад оны сүүлээр иргэдийг гэгээрүүлэх, мэдлэгжүүлэх, чадавхижуулах үүрэг бүхий сэтгүүлчид Хөгжлийн сэтгүүл зүйг хэрэгжүүлж байв.
-Сэтгүүл зүйн энэ хэлбэр нь хөгжлийн сэтгүүлч иргэдтэй шууд харилцаж, тэдний амьдралд нөлөөлж буй зүйлийн талаар харилцан яриа өрнүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
-Хөгжлийн сэтгүүл зүй нь бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг нийгмийн эерэг өөрчлөлтийг ХУРДАСГУУР гэж авч үздэг.
-Хөгжлийн сэтгүүл зүй гэдэг нь нийгмийн эмзэг бүлгийнхний санал бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шийдвэр гаргагчдад хүргэх “Доороос дээшээ чиглэсэн” мэдээллийн харилцааны хэлбэр юм.
-ЮНЕСКО 1960-аад оноос хойш хэвлэл мэдээллийнхнийг байнга “орон нутгийн иргэдэд анхаарч ажиллах”-ийг уриалж ирсэн бөгөөд энэ нь Хөгжлийн сэтгүүл зүйн үндсэн зарчим юм.
-Цуврал бүтээлийг тодорхой хугацаанд нийтэлж, нэвтрүүлснээр бодит байдлыг өөрчилдөг. Үүгээрээ хөгжлийн сэтгүүл зүйн бүтээл уламжлалт сэтгүүл зүйн өөр хоорондоо “тасархай” мэдээллүүдээс ялгардаг.
-Хөгжлийн сэтгүүл зүй нь мэргэжлийн ёс зүйн зарчмыг хүндэтгэн баримталдаг хэдий ч түүний амжилтыг нийгмийн дэвшил, хүний хөгжлөөр үнэлэн дүгнэдэг. Сонины борлуулалтын тоо, үзэгчдийн рейтинг, зар сурталчилгааны орлогын хэмжээ чухал биш.
-Хөгжлийн сэтгүүл зүйн салбарт мэргэшсэн, өөрийн дагнасан сэдэвтэй, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх өндөр ур чадвар эзэмшсэн сэтгүүлчийг “ХӨГЖЛИЙН СЭТГҮҮЛЧ” гэж нэрлэдэг.
-Хөгжлийн тухай бичихдээ бэрхшээл тоочих байдлаар сөрөг шүүмжлэл өрнүүлэх бус, харин асуудлыг шийдэх эерэг боломж, гарц замын тухай ажил хэрэгч санал дэвшүүлэх. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид бүтээлдээ ихэвчлэн асуудлыг шийдвэрлэх арга замаа олж, санал болгодог.
Эцэст нь дүгнээд хэлэхэд,
-Иргэдтэй тэр дундаа орон нутгийн иргэд, уугуул иргэдтэй шууд харилцаж, тэднийг МЭДЭЭЛЛЭЭР ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ нь Хөгжлийн сэтгүүл зүй, Хөгжлийн мэдээллийн харилцааны гол стратеги байсаар ирсэн. Байсаар байх болно. Хөгжлийн мэдээллийн харилцааг /Communication for Development/ буюу эхний үсгийнх нь товчлолоор C4D гэж нэрлэдэг.
-C4D нь иргэдтэй шууд харьцаж, тэдэнд практик ач холбогдолтой мэдээллийг дамжуулах замаар шийдвэрт оролцох эрх мэдэл, боломжийг нь дээшлүүлдэг.
-C4D нь НҮБ-ын концепцид багтах олон зарчмыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх хөтөлбөрийн салшгүй хэсэг болдог юм.
1 сэтгэгдэлтэй
Temp mail You’re so awesome! I don’t believe I have read a single thing like that before. So great to find someone with some original thoughts on this topic. Really.. thank you for starting this up. This website is something that is needed on the internet, someone with a little originality!