Киргизүүд парламентын цагаан ордон руу довтолж, экс ерөнхийлөгчөө хорионоос суллажээ

2020-10-06 44

Ням гарагт болж өнгөрсөн парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Киргизийн иргэд өчигдөр орой тус улсын ерөнхийлөгч, парламент байрладаг Цагаан ордон руу довтолсон юм.

Өнөөдөр өглөөний байдлаар ордон тэмцэгчдийн гарт орж, өглөө ажилдаа ирсэн албан хаагчдыг дотогш нэвтрүүлэхгүй байгааг мэдээлжээ.

Өнөөдөр бас тэмцэгчид тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Хорооны саатуулах төвд нэвтэрч, тэнд хоригдож байсан экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг чөлөөлсөн байна.

Экс ерөнхийлөгч тэмцэгчдийн төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа гудамжинд чөлөөтэй явж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Атамбаев нь 2011-2017 онуудад Киргизстаны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын тушаалаар 2019 оны наймдугаар сард түүнийг Кой-Таш тосгон дахь гэрээс нь баривчилж байв. Түүнийг авлигын хэрэгт буруутгаснаас гадна баривчлагдах үедээ хууль хүчнийхэнд эсэргүүцэл үзүүлсэн, аллага зохион байгуулсан, хүн барьцаалсан, гэмт хэргийн бүлгийн толгойлогчийг шоронгоос сулласан зэрэг ял тулгаж, 11 жилийн хорих ял оноогоод байсан юм.

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өнөөдөр ард түмэндээ хандаж гаргасан мэдэгдэлдээ

Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө зарим улс төрийн хүчин сонгуулийн үр дүнгээр шалтаглан төрийн эрх булаах ажиллагаа зохион байгуулсныг мэдэгджээ.

Тэрбээр хууль сахиулагчдад тэмцэгчдийн эсрэг гал нээхгүй байх тушаал өгснөө бас мэдээлсэн байна.

Жээнбеков нөхцөл байдлыг хурцатгахгүй байх бүх боломжтой арга хэмжээг авахаа илэрхийлжээ.

Ням гарагт Киргизстанд парламентын сонгуулийн санал хураалт явагдаж, 120 суудлын төлөө улс төрийн 16 намын нэр дэвшигчид өрсөлдсөн юм. Урьдчилсан дүнгээр аль ч нам олонх болж чадаагүй бөгөөд суудал авах саналын босгыг давсан таван нам эвслийн засгийн газар байгуулах нөхцөл бүрэлджээ.

Эдгээр таван намын дөрөв нь одоогийн эрх баригч нам болон түүний талыг баримтлагч улс төрийн хүчнүүд байгаа нь сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэд эрх баригчдыг сонгуулийн үр дүнг луйвардсан гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС

Холбоотой мэдээ