Жаргах гэж заавал эргэж төрөөрэй, охин минь

2020-09-25 339

Анагаахай үр минь, амьдралд хөл тавиад арван оныг ч үзэж амжилгүй хагдарчихсан цэцэг минь.

Амьдралд чамд минь арай л их ачаа үүрүүлж, тэр үйлийнхээ хариуд энэ их зовлонгоос нь эрт салгажээ дээ гэж харуусан, халаглахын дунд харамсаж сууна, эгч нь. Үеийнхэн чинь чихэр, тоглоомонд даруулж, аав, ээж, эмээ, өвөөдөө эрхлэн, хүссэн амттан, хувцсаа авахын тулд уйлж унжиж байхад чи харин хэдийн жижигхэн биендээ баймгүй “том” хүн болж, гуниг үгүй харц, үггүй инээмсэглэлийнхээ ард зовлон, шаналалаа, нулимсаа, ер бүх зүйлээ нууж байжээ.

Өдийд чи эсэн мэнд байсан сан бол үеийнхэнтэйгээ тоглож наадаад, дүүгээ хардгаа, эгчийгээ асардгаа, ээждээ тусалдгаа, аавдаа зодуулдгаа “үнсгэлжин” хэмээн итгэж, хэзээ нэгэн цагт энэ бүхэн дуусаж, үлгэр шиг амар сайхан жаргана гэж найдан, өнөөдөр өвдсөнийгөө маргааш мартаад дэгж дэрвэх байсан болов уу.

Аль эсвэл ахиад л энэ өдрүүдийг яаж барна даа хэмээн жижигхэн зүрхэндээ гуниг хуруулж, хэнд, хаана хандахаа мэдэхгүй уйлж суух байсан юм болов уу. Хөлд орж, бөндөгнөн алхах дүүгээ харан, хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ ч асран, хүний гар хариулдан амьдрах ээжийгээ ч ойлгож, хайр халамжгүй хойд эцгийн гарыг харахдаа чи минь хэчнээн их зовоо бол оо.

Гэхдээ энэ бүх зовлон одоо ингээд дууслаа. Өнөөдөр бид чамайг эцсийн замд чинь үдэж байна. Ээж, аавдаа эрхэлж үзээгүй, энэ насныхаа амьдралд жаргал эдлээгүй танхилхан охин үр минь тайван нойрсоорой. Жаргах гэж заавал эргэж төрөөрэй. Ээж, аавынхаа энгэрт нь эрхэлж, мөрөнд нь дэрвэсэн, гар хүрэх нь байтугай газар гишгүүлэхээс ч хайрлам охин үр болж мэндлээрэй.

Чиний үхэл, чиний зовлон, шаналал өнөөдөр Монголын өнцөг булан бүрт шаналж байгаа бяцхан зүрх, чимээгүй гэртээ мэгшин суугаа хүүхдүүдэд ингэж амьдарч болохгүй юм байна гэх сэдлийг төрүүлж, олон мянган ээжийг хүчирхийллээс гараас аварч байгаа. Даанч энэ бүхэн арай үнэтэй, энхрийхэн охин чиний амиар олдлоо. Өвдөж зовоход чинь туслаагүй ээжийн чинь, хаяад явсан төрсөн аавын чинь, хатуу, хахир хойт аавын чинь, өдөр бүхэн уйлах мэгшээнийг чинь сонсоогүй томчууд, хүүхэд хамгааллын байгууллага, Монголын төрийн өмнөөс уучлал гуймаар байвч үг эвлэхгүй нь.

Өдгөө Монголын дөрвөн зүг, найман зовхист чам шиг зүрх уйлж байх вий, гуниггүй харцанд нь нулимс хурж, маргааш болохоос эмээн байх вий гэхээс ах, эгч нар нь “Хүн бай” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Уучлаарай, охин минь. Дахиж чиний зовлонг өөр хүүхдэд учруулахгүйн төлөө ах, эгч нар нь хичээх болно. Харин чи минь жаргах гэж заавал эргэж төрөөрэй. Ээж, аавынхаа энгэрт нь эрхэлж, мөрөнд нь дэрвэсэн, гар хүрэх нь байтугай газар гишгүүлэхээс ч хайрлам охин үр болж мэндлээрэй.

Холбоотой мэдээ