МУГЖ Г.Мягмарнаран: Тэтгэврийн тогтолцоог системээр нь өөрчлөх хэрэгтэй

2019-10-01 346

Ахмадын баярыг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Манай ахмадуудын гол амьдралаа залгуулдаг зүйл тэтгэвэр. Тэдний тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Ингээд ахмадууд сардаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байгааг сонирхлоо.

Монгол Улсын ардын уран зохиолч П.Бадарч: Манай ахмадуудын тэтгэвэр үнэндээ инээдтэй гэж хэлж болно. Би сардаа 310 мянган төгрөг авдаг. Тэтгэврийн мөнгөөр амьдарна гэж байхгүй. Манай бараа бүтээгдэхүүний үнэ тариф ямар байгаа билээ. Миний хувьд тэтгэврээс гадна ном зохиол гаргаж байгаа. Болж байна. Зөвхөн тэтгэврээр амьдарч байгаа хүмүүс бол хэцүү.

СГЗ, яруу найрагч С.Оюун: Тэтгэвэр тэтгэмжийн хувьд үнэхээр бага. Амьдрал хүрэлцэхгүй шүү дээ. Сардаа 340 мянган төгрөг авдаг. Одоо манай хүнсний бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. Үүнийг бараг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ахмадуудын тэтгэвэр нэмлээ гэдэг. Үнэн хэрэгтээ 20 мянган төгрөг нэмдэг. Ахмадууд тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй болохоор зээлээд хэрэглэж байна. Манайд бараг тэтгэврийн зээлгүй хүн байхгүй байх.

МУГЖ Г.Мягмарнаран: Одоо би ажиллаж байгаа болохоор тэтгэвэр авахгүйгээр цалингаа аваад явж байгаа. Миний тэтгэвэрт гаргах нас болчихсон. Гэхдээ би ажлаа хийж байгаа. Тэтгэвэрт гараад гэртээ суучих юм бол тэтгэврийн мөнгө маань амьдралд хүрэлцэхгүй. Уг нь хамтын тэтгэвэр гэдэг зүйл яригдаж байсан. Тэр их амьдралд ойрхон зүйл байсан. Тэтгэврээ нэмж чадахгүй хүмүүс хамтын тэтгэврийн асуудлыг шийдэж бий болгох байсан юм. Манай төр засгийнхан тэтгэвэр тэтгэмж нэмлээ гэдэг. Үнэн хэрэгтээ хоёр гурван жил ярьж байгаад 20 мянган төгрөгөөр нэмдэг. Үүнийгээ ихээр нэмсэн гэж ярьдаг. Ийм тоглоомын зүйл байж болохгүй. Тэтгэврийн тогтолцоог системээр нь өөрчлөх хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн хувьд хүүхдээ өсгөөд гэртээ суугаад хохирч байна. Иймээс хамтын тэтгэвэр гэдэг зүйлийг бий болгож, уялдуулах хэрэгтэй байсан юм. Зарим хүмүүс тэтгэвэртээ гараад хэдхэн сар аваад бурхан болж байна. Тэтгэврийн мөнгө ихэнхдээ улсын ашиг болоод үлддэг. Үр хүүхэд болон ар гэрт нь хэдэн төгрөг өгдөг байх ёстой. Манай ахмадууд хүүхдийн гар харж, зарим нэг идэх юмаа хоёр хувааж идээд л, өнгөтэй өөдтэй юм идэж чадахгүй, царай алдсан амьдралаар хөгшчүүд амьдарч байна. Төр засгийнхан ахмадуудаа гомдоох эрх байхгүй. Ахмад үеийнхнээ алган дээр байлгаж байгаад үхүүлэх ёстой. Иймээс энэ тэтгэврийн тогтолцоог төр засгийг удирдаж байгаа залуучууд харах ёстой.

МАНАЙ ТӨР ЗАСГИЙНХАН ТЭТГЭВЭР НЭМЛЭЭ ГЭДЭГ. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР 20 МЯНГАН ТӨГРӨГ НЭМДЭГ

Сүхбаатар дүүргийн иргэн н.Доржсүрэн: Тэтгэвэр амьдралд хүрэлцэхэд хэцүү л байна. Миний хувьд сардаа 500 мянган төгрөг авдаг. Манай бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. Махны үнэ тэнгэрт хадсан үнэтэй байна шүү дээ. Ийм байхад бидний авдаг хэдэн төгрөг яаж амьдралд хүрэлцэх билээ. Бид тэтгэврийн мөнгө хүрэлцэхгүй байгаа гэсэн ч болгоод явж байгаа.Манай төр засгийнхан тэтгэвэр нэмлээ гэдэг. Бодит байдал дээр 20 мянган төгрөг нэмдэг. Үүнийгээ нэмлээ гэж хэлдэг. Ингэж ахмадуудаа хуурч болохгүй. Тэтгэврийг ядаж 50 мянган төгрөгөөр нэмчихээд нэмлээ гэж хэлэх хэрэгтэй.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Б. Батхүү: Миний хувьд сардаа 320 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгө амьдралд хүрэлцэхгүй шүү дээ. Тэтгэвэрт гарсан ахмадууд чинь ач, зээгээ харж, сургууль, цэцэрлэгт нь зөөнө. Арай дөнгүүр нь ТҮЦ ажиллуулна, хаа нэгтээ таксинд явна. Иймэрхүү байдалтай байна. Улсад хийх ёстой ажлаа хийж өгчихөөд эцэстээ өөрөө гуйлгачин шиг амьдардаг. Тэтгэвэр нэмлээ гэсэн нэр зүүж, биднийг хуурдаг. Тэтгэврийн мөнгө хүрэлцэхгүй юм чинь зээл авна. Тэгээд зээлээ төлөөд таардаг. Манай улсад тэтгэврийн зээлгүй хүн бараг байхгүй байхаа.

Баянгол дүүргийн иргэн н.Жавзаа: Жилийн жилд тэтгэврийн асуудлыг ярьдаг. Бодит байдал дээр тэтгэвэр нэмэгдээд байдаггүй.Миний хувьд 320 мянган төгрөг авдаг. Би анх 1991 онд тэтгэвэрт гарч байсан. Амьдралд хүрэлцэхгүй гэсэн ч хүргэх гээд урд хормойгоор хойд хормойгоо нөхөөд явж байгаа. Тэтгэврийг 500 мянган төгрөгболгох хэрэгтэй. Одоо ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмнэ гэсэн мэдээлэл явж байсан. Манай төр засаг сонгууль дөхөөд ирэхээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ухаан ордог. Бусад үед мартчихдаг. Энэ байдлаа болих хэрэгтэй

Холбоотой мэдээ