Д.САРАНГЭРЭЛ САЙДЫН ХҮҮГИЙН 125 САЯ ТӨГРӨГ АВСАН ХЭРЭГ ШАЛГАГДАЖ БАЙНА

2019-09-24 407

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх нь ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг. Түүнтэй холбоотой 125 сая төгрөгийн авлигын хэрэг АТГ-т шалгагдаж байна.
Тодруулбал, Х.Улам-Өрнөхийн найз Мөнхзул гэгч нь Тээврийн цагдаагийн албанд мөрдөн байцаагчаар ажилладаг бөгөөд тэрбээр “найз Х.Улам-Өрнөхөөсөө хоёр тендер авч өгнө” гэж нэгэн барилгын компанийн удирдлагаас 125 сая төгрөг авсан гэх мэдээлэл байна. Уг хоёр барилгын нэг нь орон нутагт баригдах Соёлын төв бол нөгөө нь нийслэлийн нэгэн дүүрэгт баригдах цэцэрлэгийн барилгын ажил байжээ. Тухайн тендерийг авч өгөхийнхөө шан харамжид “тендерийн нийт төсвийн 10 хувийнх нь мөнгийг авна” хэмээн нийт хоёр тендрээс 125 сая төгрөг авсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Ингэхдээ хэсэг мөнгийг бэлнээр авсан бол бас нэг хэсгийг нь банкин дахь дансаар дамжуулан авсан гэв. Гэвч амласан ёсоор тендерээ авч өгөөгүйгээс үүдэн талууд маргалдаж, асуудал дэгджээ. Ингээд 125 сая төгрөгийг авлигаар өгсөн компанийн удирдлага АТГ-т хандаад байгаа юм байна. Энэ асуудлаар АТГ-аас сар бүр зарладаг хэвлэлийн хурлын үеэр тодруулахад АТГ-ын ХМОНХТ-ийн дарга Т.Баярхүү “Тийм хэрэг шалгагдаж байгаа нь үнэн” гэсэн тайлбарыг хэлсэн юм.
Тухайн иргэнд ТЦА-ны мөрдөн байцаагч Мөнхзул хэлэхдээ “Найз Х.Улам-Өрнөхөөрөө хоёр тендерийг асуудалгүй гаргуулж, танайд компанид өгүүлнэ” хэмээн амласны дагуу Х.Улам-Өрнөхтэй утсаар ярихад “Энэ удаагийн тендер бүтэхгүй болсон. Мөнгийг чинь буцаан олгох боломжгүй. Харин мөнгөнийхөө оронд 2-3 тендер өгч болно” гэж хэлсэн талаар барилгын компанийн удирдлага хэлэв.
Шударга ёсыг шаардан ярьдаг У.Хүрэлсүхийн танхимын сайд Д.Сарангэрэл, түүний хүү албан тушаалаа ийнхүү авлигын хэрэгсэл болгон ашиглаж байгаа гэх мэдээлэл нь тун харамсалтай. Өмнө нь ч Д.Сарангэрэл сайд хүүгийнхээ жолоочийг яамныхаа Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон асуудал гарч, АТГ шалгаж байсан билээ.
Гэр бүлээрээ төрийн албыг зарж иддэг, түүнийг нь хараад суудаг Засгийн газар баймааргүй байна.
ЦААШ ТҮГЭЭЖ, ХАРИУЦЛАГА НЭХНЭ ҮҮ.

Холбоотой мэдээ