МУГЖ О.Бат-Өлзий :Энэ бол 33 жилийн өмнөх 9 сарын 16 байлаа

2019-09-17 283

Эхнэр маань бие давхар болж бид хоёр бөөн баяр боллоо.Удалгүй 3 сар гарантай байхад нь драмын эрдмийн театрын хаврын бригад баруун аймгуудаар явах болж эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй тайзан дээр гарахдаа гэдсээ живчиртэл сайн боогоод гар! гэсэн тушаалтай явлаа.Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж ялангуяа МУГЖ Сэлэнгэ эгч(талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсныг эхнэр дурсан ярьдаг юм.Сарын бригадаар сайн явж ирлээ эхнэр минь.Харин намар тулгар гэдэстэй төрөх нь өнөө маргаашгүй болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би Нямгаваа найруулагчаас
– Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө өгөөч гэж хүслээ.
Найруулагч Нямгаваа : Чи төрөхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?
Бат-Өлзий :Үгүйдээ би аав болох гэж байна, хажууд нь баймаар бна.
Нямгаваа : Улсын ажил, цалин авч байгаа бол ажилаа л хий!
Ингээд говь руу бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утсаар холбогдож явлаа. 7 хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод 1- р төрөхтэй холбогдлоо.
Бат-Өлзий : Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?
Сувилагч : Жүжигчин Сарантуяа юу?
Бат-Өлзий : Тиймээ
Сувилагч чимээгүй болчихлоо, миний дотор палхийгээд явчихлаа.Хэсэг хугацааны дараа
Сувилагч : Байна уу? Танай хүн төрсөн 2 ихэр хүү, охин төрүүлсэн.
Би хэсэг үхмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манарав.
Бат-Өлзий : Хүү охин хоёроо…. гээд утсаа таслаад утасны путекнээс үсрэн гараад
– Би хүү охинтой болчихлоо…гээд орилоход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ.Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагийн (Сарантуяа) биеийг асууж байна.
Бат-Өлзий : Асуусангүй, мартчихжээ.
Жүжигчин Дашхүү ах : Тэнэг мал минь ээжийнх нь биеийг асуугаач! гээд намайг нэг сайн амбаардаад хөөлөө, би буцаад холбоо руу гүйж билээ.Миний өгзөгнөөс утаа уугиж байсан байхаа.Холбоонд очиж төрөх рүү залгуултал нөгөө сувилагч авч байна.
Сувилагч :Чи эхнэрийнхээ биеийг асуулгүй утсаа тасалчих юмаа.Эхнэр чинь сайн байгаа чамд үг хэлүүлсэн ” Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй” гэсэн шүү гэлээ.Намрын бригад бууж ‘эхнэртээ хонины шинэ махтай театр дээр шөнө буулаа.
Жүжигчин Авирмэд ах: Дүү минь нялх хүүхэд дээр шөнө очихдоо нойтон махтай очдоггүй юм гэлээ.Би театрын жижүүрт махаа орхиод гэрлүүгээ жирийлэглээ.
Хадмын жижиг өрөөнд бид амьдардаг байлаа. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихрүүд тайван унтаж байлаа.Ихрүүдийг маань ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулсан байлаа. Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханийгаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичнээн ихээр хайрласан гээч.(үг дутав) Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол “Эрх гүнж” хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэръяагын нэрийг охиндоо өглөө.Халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.
Энэ бол 33 жилийн өмнөх 9 сарын 16 байлаа.

Холбоотой мэдээ