13 секунтын бичлэгт Цагдаагийн хурандаагийн хүүг шалгаж эхэлсэн

2020-02-08 228

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны ар гэр болоод тус хэргийн өмгөөлөгч Ж.Батхуяг нар хэвлэлийн хурал хийх үеэрээ 13 секунтын бичлэгийн тухай мэдэгдсэн.

Тэгвэл Үндэсний шуудан сонины өчигдрийн дугаарт тус 13 секунтын бичлэгийн талаар мэдээлэл нийтэлжээ. Тус мэдээлэлд, “13 секунтын бичлэгийг хуурамчаар хийсэн үү. Хаана хэнтэй хамтарч бичлэгийг хийж гүйцэтгэсэн бэ, тэрбээр юуны учир бичлэг хуурамчаар үйлдэлх болов. Энэ талаар албаны эх сурвалж “Төрийн ордонд иргэн Б амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор 13 секунтын бичлэг гэх зүйлс яригдаж эхэлсэн.

Хууль хяналтын байгууллага үүнийг нь мөрдөн шалгаж эхэлсэн. Талийгаач Б-гийн ар гэрийнхэнд бичлэг аваачиж өгсөн Г гэдэг нь мөрдөн байцаалтын явцад хуурамч бичлэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бүр хэн хэнтэй нийлж бичлэг хийсэн бэ гэдгийг тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл, талийгаачийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилан авсан нь тодорхой болсон. Дээрх хэрэг шалгагдаж байгаа” гэв.

Өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхэнд бичлэг аваачиж өгсөн хүн нь Б.Ганзориг гэх залуу гэнэ. Түүний аав нь Дорнод аймгийн харьяат Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Д.Базаргүр юм байна. Б.Ганзоригийг бусдыг хуурч, мэхэлж, залилсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж” хэмээн мэдээлжээ.

Холбоотой мэдээ