Жүжигчин Г.Ундармаа найм дахь эмнэлгээ тохижуулж хүлээлгэн өглөө

2020-02-08 263

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг жүжигчин Г.Ундармаа М-Си-Эс группын дэмжлэгтэйгээр засварлан, тохижуулж өчишдөр хүлээлгэн өгчээ.

Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Улаанбаатар хотод долоон эмнэлэг тохижуулж байжээ. Тэрээр орон нутагт тохижуулсан анхны эмнэлгийн төслөө хүлээлгэн өгөхдөө, “Өмнөх төслүүдийн санхүүжилтийг би өөрөө бүрдүүлдэг байсан бол энэ удаа М-Си-Эс Групп 100 хувь санхүүжүүлснээр хүн, хүч, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлгүй, ажил хурдан шуурхай, сайхан бүтлээ. Ж.Оджаргал захирлын аав Б.Жамбалжамц, ээж Д.Бадамжав нар 1964-1969 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасгийн эрхлэгч, эмнэлгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Аав, ээжийнхээ ажиллаж байсан эмнэлгийг ийм сайхан болгон засварлаж, тохижуулах үйлсийг дэмжсэн Ж.Оджаргал захиралд нийт Баянхонгорчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэлээ.

Аймгийн хэмжээнд өвчлөлийн болон осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тус тасгаар 2019 онд 5800 хүн үйлчлүүлжээ. Тус эмнэлгийн удирдлага, хамт олны зүгээс ийнхүү тасгийг засварлан тохижуулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж өгсөнд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Өлзийсайхан, Засвар, тохижилтын ажил хийгдсэнээр манай тасгийн зохион байгуулалт, үйлчилгээний урсгал аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээнд жишиг болохуйц өндөр түвшинд хүрч, үйлчилгээний орчин нөхцөл сайжирснаар өвчтөнүүдийн сэтгэл санаа, ажиллагсдын ажлын чанар, бүтээмжид сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Мөн эмч, ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд сургалт явуулах боломжтой зориулалтын тавилга, хэрэгслээр тоноглосон байнгын сургалтын өрөөтэй боллоо. Бидний санаачлагыг дэмжсэн М-Си-Эс Групп, “Итгэлийн танхим” ТББ болон хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүнд талархал илэрхийлье” гэв.

Тус төслийг М-Си-Эс Групп 300 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Г.Ганаа 

Холбоотой мэдээ