“НАРАН МАНДАЛ”-ЫН УУРХАЙ ЗАЛУУСЫН ТАНЬ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ Л БАЙГ УУ!!!

2020-02-06 353

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” компанийн уурхайд дэлбэрэлт болж, ажилтнууд нь дэлбэрэлтэд өртөн, хүнд гэмтсэн талаар манай сонин мэдээлсэн. Тодруулбал, далд уурхайд тэсэлгээ хийхээр тэсэлгээний материал, хэрэгслээ бэлтгэж байсан агуулахад нь дэлбэрэлт болж, тэнд ажиллаж байсан таван хүний гурав нь гэмтсэн. Тэдний нэг нь нэлээд хүнд, хоёр дахь нь хүндэвтэр, гурав дахь нь хөнгөн гэмтэлтэй, нийслэлд хүргэгдэн ирээд буй юм. Хоёр жилийн өмнө уурхайн баяжуулах үйлдвэрт цианид алдаж, ажилчид нь хордсоноор уг компани “олны танил” болсон. Түүнээс хойш ч ажилчид нь гараа тасдуулсан, нурангид дарагдсан зэрэг ослын мэдээ тасардаггүй байв. Байс хийгээд ноцтой осол гаргадаг уг компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны талаар бид үргэлжлүүлэн сурвалжилж байна.
200 гаруйхан ажилчинтай жижиг уурхай ийм богино хугацаанд өдий төдий залуусын эрүүл мэнд, эд эрхтнээр “тоглож”, насан туршид нь тахир дутуу болгожээ. Энэ бол “Наран мандал” компанийн хэр хариуцлагагүй, мэргэжлийн бус болохыг бэлээхэн хэлээд өгч буй үзүүлэлт. Ажлаа хийж яваад эрүүл мэндээрээ хохирсон хамгийн сүүлчийн жишээ нь саяын гурван залуу. Дэлбэрэлтэд өртсөн тэдний зарим нь хоёр нүд, гарын хуруунууд, төмсөгөө алдаж, зарим нь өрөөсөн нүдгүй болсон. Гэтэл компани ажлаа хийж яваад амиа алдахын наахна очсон уурхайчдаас, тэдний ар гэрээс уучлал гуйхын оронд бурууг өөрсдөөсөө зайлуулах арга саам л хайж харагдах нь дэндүү ёс зүйгүй.
Монголчуудад, тэр тусмаа баянхонгорчуудад хүрээлэн буй орчин, хүн зон, ажилчдадаа ээлтэй, хариуцлагатай уул уурхай л ус, агаар шиг хэрэгтэй байгаагаас биш алтны төлөө ажилчдынхаа аюулгүй байдлыг гаргуунд нь гаргадаг, хариуцлагагүй, аюултай уурхай хэрэггүй.
“Наран мандал” компанийнхан орон нутагт тэрбум, тэрбумаар хөрөнгө оруулсан гэж цээжээ дэлдэн, нутгийн иргэдийг доромжилж, загнадаг юм билээ. Тэр мөнгийг нь авснаараа иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг золиослох эрхийг уг компанид өгсөн юм уу, аймгийн Засаг дарга аа. Хууль, хяналт, төрийн байгууллагын толгой дээр гарсан “Наран мандал” компани залуусын чинь амь нас, эд эрхтэн, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа.

НУТГИЙН ИРГЭН: 200 ГАРУЙХАН АЖИЛЧИНТАЙ ЖИЖИГ УУРХАЙ ХЭРНЭЭ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ОРСОН ХҮНИЙ ТОО 30 ДӨХӨӨД БАЙГАА
Уурхайчин залуусын эрх ашгийг хамгаалж, хариуцлагагүй уурхайгаас хариуцлага нэхэхээ мэдэгдээд буй тэрбээр үзэл бодлоо хуваалцахыг зөвшөөрсөн ч нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Нутгийнхан их болгоомжлолтой байдаг болж. Компанийн зүгээс сүрдүүлж, нөлөөлөх зүйл байдаг юм уу?
-Ер нь айлгана шүү. Бид залуу хүмүүс, амьдрал үргэлжилнэ. Энэ компани хуульчдын том багтай гэж ярьдаг, цаашид өөр ажилд ороход чинь ч хаалт тавьж болно гэж сүрдүүлдэг. Орон нутгийнхан бодит байдлыг нь хэлье, нэгдье, нийлье гэдэг байсан бол одоо хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай байхгүй бол эргээд өөрсдөө юманд орооцолдчих вий гэсэн айдастай байдаг болсон.
“Наран мандал” 200 гаруй ажилчинтай. Тэднийгээ олон нийтийн сүлжээнд зохион байгуулалтад оруулж, “Уурхайгаа аваръя”, “Энэ бол бидний хоолоо олж иддэг газар” гэх мэтийн зүйл бичих, хариуцлагагүй байдлынх нь талаар үнэн бодит зүйл бичсэн хүн рүү бөөнөөрөө дайрч, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх ажлыг системтэйгээр хийж байна.
-Уг компанид ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан залуус болон орон нутгийн залуучуудын байгууллага хамтран уурхайчдын эрх ашгийг хамгаалах талаар ярьж байгаа гэсэн. Энэ ажил ямархуу явцтай байна вэ?
-Жагсаал хийхээр төлөвлөж байсан ч аймгийн удирдлага зөвшөөрөөгүй. Тиймээс гарын үсэг цуглуулж, шаардлага хүргүүлэх талаар ярилцаж байна.
-Уурхайг хөдөлмөр хамгааллын стандартыг хангадаггүй, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалдаггүй гэж буруутгаж байх шиг байсан. Ингэх тодорхой шалтгаан бий юу?
-2014 оноос хойш энэ уурхай ажиллаж байгаа. Энэ богино хугацаанд үйлдвэрлэлийн осолд орсон хүний тоо 30 дөхсөн. Цианидад хордож, үйлдвэрлэлийн осолд орж, эрүүл мэнд, эрхтэнээ алдсан ч үүнийгээ тоолгүй энд ажиллаж байгаа залуу олон. Нэг залуу цианидад хордсон ч эргэж ажилдаа ороод дахин осолдож, гараа тасдуулсан. Цианидад хордсон гэж шуугиан дэгдээсэн гурван хүнээс гадна цианид асгарсны дараа үйлдвэрт ажиллаж, хордсон, үүнээсээ болж уушги нь өвчилж, хэд хэдэн удаа хагалгаанд орсон хүн ч бий. Ажлын байрнаас болж уушги нь өвчилсөн хүн тэнд олон. Тэднийг өөрсдийнхөө гэрээтэй эмнэлэгт эмчилнэ гэж хот руу авч яваад, “Чи угаасаа уушгины сүрьеэтэй юм байна” гэж хэлээд явуулчихдаг.
-Та хэт нэг талыг барьж буй юм биш биз. Уурхайн буруутай үйл ажиллагаанаас эрүүл мэндээрээ хохирсон бол эргэж очиж ажиллаад байхгүй байлгүй дээ?
-Орон нутагт ажлын байр ховор, цалин бага шүү дээ. Уурхай бусад байгууллагыг бодвол цалин өндөртэй, тэр хэрээрээ зээл өндөр гардаг. Мэргэжил, боловсрол тааруу, хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг залуус энд ажилд ордог. Өөр орлогогүй, 10-20 сая төгрөгийн зээлтэй хүмүүс ажилгүй болохоос айдаг юм. Түүн дээр нь дөрөөлж хамаг булхайгаа нуудаг. Осолд орсон хүмүүсийг ажиллаагүй хугацааных нь цалинг өгье, буцаад ирэхэд чинь цалин бууруулахгүйгээр хөнгөн ажлын байранд шилжүүлье гэхээр хүмүүс хууртагдчихдаг юм билээ.

БАТЖ.БАТБАЯРЫН УУРХАЙ ӨМНӨ НЬ ЦИАНИД АЛДАХДАА Ч ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЛГҮЙ НУУХЫГ ОРОЛДОЖ, ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИА БУРУУТГАЖ БАЙВ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулдаг уг уурхайг нутгийнхан Молекул Батбаярынх гэдгээр нь андахгүй. “Батж.Батбаяр Баянхонгороос УИХ-д сонгогдоод хийсэн ганц ажил нь Цагаан цахирын ордыг хувьдаа авсан” гэж ярилцдаг. Батж.Батбаяр Цагаан цахирт 298.13 га талбайтай Цагаан овоо, 755.2 га талбайтай Улаан толгой гэсэн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд эдгээр нь хоёул 30 жилийн хугацаатай.
Нэг их өндөр технологи шаардахгүй, газрын өнгөн хэсгээс алт уудлаад авах боломжтой, цөөнгүй тоннын нөөцтэй Цагаан цахирын орд олон хүний шуналыг хөдөлгөдөг. Өмнө нь энэ ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цагаан цахир гоулд” компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний цианидтай шламнаас 70 шахам ямаа хордож үхсэн хэрэг гарч байв. Тухайн үед аймгийн ИТХ-аас “Цагаан цахир гоулд” компанийн үйл ажиллагааг зогсоож, эзэмшиж байсан талбайг тусгай хэрэгцээнд авсан ч уг газар удалгүй Батж.Батбаярын мэдэлд очсон. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан энэ ордыг өөрийн болгосон байх хэмээн түүнийг хардах нь бий. Батж.Батбаяр 2008-2012 оны парламентад Баянхонгор аймгаас сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаандаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын алба хашсан юм.
Уг компани баяжуулах үйлдвэртээ цианид ашигладаг Монгол Улсын хэмжээнд байдаг гуравхан компанийн нэг. Тэднийх химийн хорт, аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах үүрэгтэй ч хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулахуйц ослыг удаа дараа гаргаж буй. Саяын болсон дэлбэрэлт уг компанийн хувьд анхны осол биш. Том, жижиг янз бүрийн осол байнга гардаг ч үүнийгээ компани нуучихдаг тухай ажилчид нь хэлж буй. Мөн ажил хийж, амьдралаа дээшлүүлэх гэгээн мөрөөдөлтэй тус компанийн босгоор алхаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан залуусын тоо 30 дөхсөн тухай дээр дурдсан.
Өмнө нь хэд хэдэн осол гарснаас 2018 онд цианид алдаж, ажилчид нь хордсон томоохон осол болсон. Тэр өдөр цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур “өөрөө” дарагдаж, хорт уусмалыг 30 минут орчим ямар ч хяналтгүйгээр шахан их хэмжээний цианид алдсан байдаг. Өөр нэг ноцтой зүйл нь баяжуулах үйлдвэртээ химийн хорт бодис алдсан талаараа компанийнхан цаг тухайд нь холбогдох байгууллагад мэдэгдээгүй. Цианид алдсан үйл явдал гуравдугаар сарын 5-нд болсон. Харин цианид алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 7-ны 16.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгээс Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хордсон иргэдийн бие муудаж эмнэлэгт хандахаас өөр аргагүй болж байж сая холбогдох байгууллагууд мэдсэн гэсэн үг. Таван тоннын савнаас шахсан цианидын уусмал 30 орчим минут хальж асгарсан нь дүрс бичлэгт үлдэж, уг компанийн хариуцлагагүй, аюулгүй байдлаа хангаагүйг батлах нотлох баримт болсон ч уг бичлэг сүүлдээ алдагдсан гэдэг.
Тухайн үед компани хордсон ажилчдаа цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан гэсэн цуурхал тарааж, болсон явдлыг баллан, бүдэгрүүлэх гэж оролдож байв. Хордсон иргэд болон ар гэрийнхнийг нь хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг тулгаж, элдэв аргаар амыг нь хамхисан. Хордсон иргэдийг гэрийнхэнтэй нь хамт хувийн эмнэлэгт хэвтүүлэхээс эхлээд дуугүй байлгахын тулд ихээхэн хөрөнгө хаясан. Эцэст нь компани ажилчдаа цианидад хордсоныг хүлээн зөвшөөрсөн ч уг хэрэгт туслан гүйцэтгэгч компаниа буруутгаад дууссан билээ.

Холбоотой мэдээ