“Монгол дахь СU” хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллах боломж олгож эхлэв

2020-02-05 321

Та бидний өдөр тутамдаа үйлчлүүлдэг дэлгүүр, үйлчилгээний байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байхыг харж байсан уу? Ихэнх тохиолдолд “үгүй” гэж хариулах байх. Манай улсад 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч тэдний хувьд хөдөлмөр эрхэлнэ гэдэг хүндхэн даваа. Учир нь бидний амьдарч буй, нийгэм хүрээлэн буй орчин тэдний хувьд хаалт, саад болж байдаг.

Тэгвэл нийгэмд гэрэл тусгасан нэгэн сайхан мэдээг бид тантай хуваалцъя. Монголын үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. CU, CIRKLE K, E-MART  гэх мэт сүлжээ дэлгүүрүүд манай зах зээлд нэвтрээд тодорхой хугацаа өнгөрсөн.

Хөдөлмөрийн зах зээлд хүн бүр тэгш боломжтой байх ёстой. Энэ нөхцлийг бүрдүүлж, нийгэмд эерэг хандлага түгээж буй байгууллагуудын нэг нь “CU” боллоо.

Бид тус байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Э.Сэвжидмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Ажилд авахад ямар нэг бэрхшээл харгалзах уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тогтвортой ажиллах сонирхолтой, эерэг, залуу хамт олны нэг хэсэг болж ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байхад л бид дэлгүүрийнхээ стандартын дагуу тухайн иргэнийг сургалтанд хамруулан сургах боломжтой. Хамгийн гол нь иргэд өдөр бүр хамт олон, үйлчлүүлэгчдээсээ эерэг хандлагыг мэдэрч, өөрөөрөө дамжуулах хүсэлтэй байх нь чухал.

-Хэдэн настай хүн байх хэрэгтэй вэ?

-Хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн иргэн бүхэнд нээлттэй.

-Одоогоор танай байгууллагад хэдэн ХБИ ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар 30 гаруй ХБИ манай компанийн хэрэглэгчийн үйлчилгээ болон, хоол үйлдвэрлэлийн хэсэгт ажиллаж байна.

-Цаашдаа хэдэн хүн авахаар төлөвлөж байна?

-Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд СU сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний үйлдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангах, тэдний ажиллах таатай орчин нөхцлийг бий болгох, нийгмийн баталгаа үүсгэх, тэдний ажиллах хүсэл эрмэлзэл, ур чадвар, өсч хөгжих боломжийг дэмжих зорилгоор цаашид тогтмол ажлын байраар хангаж ажиллана.

Гадны улс оронд  хүний эрх, нийгмийн хариуцлага гэдэг зүй ёсоор хэрэгждэг. Тэнд байгууллага бүхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ажилладаг. Харин манай улсад ийм байгууллага хэд бол? Бидний харж, ойлгосоноор манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд олон нийттэй харилцах, ажил хөдөлмөр эрхлэх нь бүү хэл гадуур чөлөөтэй зорчих, нийгмийн харилцаанд орох нь том асуудал. Тэдэнд ажил хийх хүсэл, эрмэлзэл бий ч хэд хэдэн байгууллагын хаалгыг татаад шантардаг. Тэгвэл энэ асуудал, бусдын хандлагыг өөрчлөхөд тодорхой нөлөө үзүүлж байгаа байгууллага нэгээр нэмэгдсэнд баяртай байна.

Холбоотой мэдээ