ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧИД ЗАЛУУЖИЖ БАЙНА

2020-02-03 527

“Монгол хүн хар тамхи худалдан авах буюу татахыг цаазлан зогсоох бөгөөд гадаадын хүн хязгаарт тээн оруулж ирвэл худалдаалахгүй болгон шийтгэсүгэй”

Дотоод яамны “Хар тамхийг цаазалсан тухай бичиг” 1921 он

Хар тамхи. Энэ хоёрхон үгтэй холбогдсон хэдэн сая хүн амь, амьдралаа үрснийг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Ямар боловч хар түүхтэй болж үлддэг, хамаг бүхнээ алддаг нь жам бололтой. Бидэнд төдийлөн ойр бус байсан энэхүү сэдэв өдгөө хэвлэлийн хуудсаар урсч л байдаг ердийн мэдээ болтлоо даамжирчээ. ДОХ-ын тохиолдлыг тоолж байгаад дөжирсөн шиг удахгүй хар тамхийг статистик л гэж хардаг болж мэдэх нь.

БИД

Дөнгөж арван дөрөвхөн настай бяцхан хүү нь хар тамхинд донтчихлоо гэж хандсан ээжийн талаар Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн гуай бидэнд ярьсан юм. Сүүлийн 20 гаруй жил энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа тэрээр 1000 гаруй хар тамхи, мансууруулах бодист донтсон иргэнд төрийн өмнөөс тусламж, үйлчилгээ үзүүлж яваа нэгэн. “Харамсмаар нь хар тамхи хэрэглэгчид залуужиж байна. Онолоор бол нэг хэрэглэгчийн ард дөрвөн хүн байдаг гэх боловч манайд хандаж байгаа хүмүүсийн цаад талд дор хаяж 10 хүн байдаг болжээ. Хар тамхи хэрэглэдэг 50, 100 хүн мэднэ гэх  хүнтэй ч таарсан. Энэ бол дэндүү аюултай зүйл. Хар тамхи Монголд цэцэг шиг л дэлгэрч байна. Хэрэв энэ янзаараа явсаар дэлгэрээд, дэлбэрээд гараад ирвэл дийлдэхгүй байх даа” гэж ярих түүний хэлсэн тоо баримтуудыг анхаарлынхаа хажуугаар сул өнгөрөөж боломгүй санагдав.

Саяхан л “хаалга тогшиж байна” гэж ярьж, бичиж байсан хар тамхины аюул гэрт орж ирээд бүр хойморт гараад суучихжээ гэвэл хэн ч төсөөлөхгүй байх. Гэвч чимээгүй гэгдэх энэ тахал хэдийнэ монголчуудыг нөмрөөд авсныг олон улсын байгууллагууд ч анхааруулж эхэллээ. Өмнө нь Монгол Улсыг хар тамхи дамжин өнгөрүүлэгч улс гэсэн статуст багтаадаг байсан Хар тамхитай тэмцэх олон улсын байгууллага одоо “Хэрэглэгч улс” болсныг зарлаад байна. Энэ бол сайны дохио огтоос биш. Ийм дүгнэлтэд хүрэх болсон хэд хэдэн ноцтой шалтгаан бий байх. Ер нь энэ төрлийн бодис, эм бэлдмэлийн хэрэглээ хамрах хүрээгээ тэлснийг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан албан мэдээнээс ч тодорхой харж болж байна.

Жил бүр Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо 30-35 хувиар тогтмол өсч, шалгагдсан нийт хүний 88 хувь нь 13-35 насны хүүхэд, залуучууд байгаа гэх харамсалтай статистик бий.

Мөн өмнө нь ургамал, өвс татах зэргээр энэ төрлийн гэмт хэрэг хэмжигдэж байсан бол одоо бүх төрлийн мансууруулах бодис, хар тамхины худалдаа цэцэглэсэн гэж хэлж болохоор дүр зурагтай болжээ. Өнгөрсөн онд “Глобаль сан”-гийн санхүүжилтээр Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхэн 250 хар тамхи хэрэглэгчийг “Гялс” төв дээр эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм байна. Элэгний B, C вирус, ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг авахын сацуу ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэж буйг нь энэ үеэр судалсан аж. Ингэхэд найман төрлийн бодисын хэрэглээ илэрсэн бөгөөд зарим хүн “Гурваас дөрвөн төрлийн бодис хэрэглэдэг” гэж мэдүүлсэн байна. Шалтгаан нь “Олдсоныг нь л хэрэглэдэг” гэсэн ганцхан хариулттай. Бас “Мөнгө байхад олдохгүй гэх зовлонгүй” гэх тайлбарыг ч хэлэх хүн байжээ.

ХТМБИХН-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн 

Манай нийгэмлэг сүүлийн 20 жилийн хугацаанд 16 томоохон судалгаа хийсэн. Анх 1999 онд 1000 хүүхдээс судалгаа авахад 45 нь хэрэглэдэг, ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэнээ хэлж байсан. Тэгвэл энэ тоо жил ирэх тусам өссөөр байна. Хамгийн сүүлд 2017 онд Цагдаагийн ерөнхий газар, Сурагчдын холбоотой хамтран Улаанбаатар хотын 1067 хүүхдэд судалгаа хийхэд өмнөх оноос хэрэглэгчийн тоо 20 хувиар өссөн байсан. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр нь залуучууд, сурагчид энэ аюул руу олноороо хөл алдаж байна. Одоо манай дээр л гэхэд судалгаагаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн 986 хүн байна. Хэрэглэж байгаагаа зөвшөөрсөн энэ хүмүүсээс гадна нуугдмал байгаа хэдэн мянган хүн Монголд байгаа бол?!

Үнэхээр ч Монголд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хэдэн хүн бий гээд яг таг, нарийн ширийн тоо хэлэх боломжгүй юм. Учир нь, хар тамхийг дэлхий нийтээр чимээгүй тахал гэж нэрлэсэн нь өнөөдөр нэг тоо яриад сууж байхад л нэг бус хүн шинээр хэрэглэгч болж энэ ангал руу унаж байдагтай холбоотой аж. Албан ёсоор ҮАБЗ-ийн Ажлын албанаас зарласан нэг тоо бол бий. 2012 оны гуравдугаар сарын 1-нд Төрийн ордны “Иргэний танхим”-д болсон “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх нь” хэлэлцүүлгийн үеэр ҮАБЗ-ийн Ажлын албанаас Монголд 16 мянган хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүн байгаа гэж  мэдэгдэж байжээ. Түүнээс хойш харин цаг мөчөөр хар тамхи хэрэглэгчдийн тоо өсч буйг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тооноос, ял шийтгэл сонсч байгаа хүмүүсээс багцаалж болох биз ээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд 

2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. Нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насны залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна. Шуудан илгээмж ашиглан гаднын орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа. 2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна. 2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, 2019 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

Нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Хар тамхины хэрэглээ хавтгайрч байгааг дээрх мэдэгдлээс харж болохоор байна. Тиймээс ч Монгол Улсыг “Хар тамхи хэрэглэгч улс” гэж дэлхий нийт харж, нэрлэж эхэлсэн биз. Үүнээс гадна Монголд хар тамхины томоохон сүлжээнүүд салбарлачихсан, үгүй юмаа гэхэд монголчууд тэдгээр сүлжээнд нэгдчихсэн нь “Хэрэглэгч улс” гэсэн жагсаалт руу орох нэг үндсэн шалтгаан болсон байх. Үүнийг бид үгүйсгэх гээд ч нэмэргүй. Турк дэх Монгол Улсын консулын газрын ажилтнууд 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь ердөө л хагас жил хүрэхгүйн өмнөх үйл явдал шүү дээ. Мөн Монголын дипломатууд энэ төрлийн гэмт хэрэгт ихээхэн холбогдож байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 

Дипломат албаныхан хар тамхины наймаанд холбогдсон тухай асуудлыг Гадаад харилцааны яам өнөөдөр хөндсөн хэрэг биш гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Учир нь, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр буюу энэ хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө манай яамнаас холбогдох байгууллагад албан бичиг явуулсан. Яагаад албан бичиг явуулах болсон гэхээр ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн өнгөрсөн оны сүүлчээр мөн л Чехээс ХБНГУ руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж, хоригдсон. Энэ асуудалтай холбоотойгоор Европт байгаа манай Элчин сайдын яамдууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг хүсэлт тавьсан. Манайхыг энэ хүсэлтийг тавихтай зэрэгцээд холбогдох байгууллагууд нь аль хэдийнэ тусгай шалгалтын ажлуудаа эхлүүлсэн байсан. Ажиллаж эхлэхдээ өөрсдийн олон улсын сүлжээ байгууллагуудтай хамтарч ажилласан гэж ойлгож байгаа. 

Холбоотой мэдээ