ЭМЯ: Уханиас ирсэн 31 “Оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан”

2020-02-03 280

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна.

Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ.

БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн.

БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон байна.

Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолж хэлмээр байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “БНХАУ-ын Ухань хотоос өнгөрсөн бямба гаригт 31 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Халдварын шинжилгээ авахад шинэ коронавирусийн халдваргүй буюу сөрөг гарсан. Гэхдээ 14-21 хоногийн турш ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа явуулж байна. Нисэх багийн 15иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулж байна.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадны орнуудад утас ариутгагч гарсан, тэрийг хэрэглэж байна.

Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хамт амьдардаг хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу  бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэж гарсан.

Нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй” гэв.

Холбоотой мэдээ