“Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” салбар хуралдааныг зохион байгууллаа

untsugmn 2023-06-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн Банк, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) хамтран Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэ Нэйче Консерванси, Европын холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” салбар хуралдааныг зохион байгууллаа.

Уг салбар хуралдаанаар Монгол Улсын тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх асуудлаар өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тогтвортой хөдөө аж ахуйн салбарын бодлого, бодлогын урамшуулал, тэдгээрийн үр нөлөө, тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгслүүдтэй холбоотой бодлогын дүр зургийг илтгэлүүдээр тоймлон харуулах зорилготой.

Мөн уг салбар хуралдааны үеэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тэдгээрийн бүтээгдэхүүний тогтвортой байдлыг сертификатжуулах, шошгожуулах тогтолцоог бий болгоход голчлон анхаарлаа. Илтгэлүүд танилцуулсны дараа оролцогчид тулгамдаж буй саад бэрхшээлийг хэрхэн зохицуулах арга хэмжээ, боломжит шийдлүүдийг тодорхойлох зорилгоор дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн үр дүн, санал дүгнэлтийг товч зөвлөмжийн баримт бичиг болгон нэгтгэж холбогдох зохицуулагчид болон бусад байгууллагуудад хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК), Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо, Худалдаа, хөгжлийн банк болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.