Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг

untsugmn 2023-11-10

“Дэлхийн хуримтлалын өдөр” болж өнгөрсөнтэй холбогдуулан Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г. Энхтайвантай ярилцлаа.

– Жил бүрийн 10 дугаар сарыг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аян болгон дэлхийн улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэхүү аяны онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл хуваалцана уу?

Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оны 10-р сарын 31-нд Италийн Милан хотод болсон Олон улсын хадгаламжийн банкны 1-р их хурлын үеэр (Дэлхийн хадгаламжийн банкнуудын холбоо) баталж байсан түүхтэй. Одоо дэлхийн 90-д улс орнууд жил бүр энэхүү хөдөлгөөнд идэвх санаачилгатайгаар оролцож байна. Хуримтлалын аяны онцлог гэвэл улс орон болгон өөрийн гэсэн “Хуримтлалын бэлгэ тэмдэг”-ийг бий болгодог явдал юм. Хуримтлалын бэлгэ тэмдэг бий болгох нь хуримтлалыг иргэдэд таниулахад чухал ач холбогдолтой бөгөөд хуримтлалыг дадал болгох зорилгоор иргэд болзошгүй эрсдэлд санхүүгийн хувьд бэлэн байх, санхүүгийн нөөц бий болгох зорилготой. Жишээлбэл, бид бүхний сайн мэддэг Герман улсынх бол бид бүхний сайн мэддэг хуримтлалын гахай байдаг.

Манай улсын хувьд 2017 онд Бүгд Найрамдах Герман Улсын Шпаркассэ банкны сангаас хамтын ажиллагааны санал ирж Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санал, санаачилгыг анхлан гаргаж байв. Энэ хүрээнд  Монгол Улс ч өөрийн бэлгэ тэмдэгтэй болсон. Ингэхдээ нүүдэлчин соёл, уламжлалаа бодолцож авдар тээсэн тэмээгээр дүрсэлсэн нь эртний торгоны замаас өнөөг хүртэл жин тээж, эд баялаг тээвэрлэж ирсэн гэдэг утгаар, мөн бие махбодын хувьд  бөхөндөө ус нөөцөлж чаддаг, ус тэжээл ховордсон эрсдэлтэй үеийг даван туулах чадвартайг нь онцолсон байдаг. Мөн эрт дээр үеэс нүүдэлчин соёлтой Монголчууд гэрийнхээ авдарт хамгийн үнэ цэнтэй, нандин бүхнээ хадгалж ирснийг ч давхар бодолцсон хэрэг. Яг л энэ агуулгаар улсынхаа санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээлийг дэмжиж банканд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг, мөн санхүүгийн боловсролоо дээшлүүлэхийг  иргэд, олон нийтэд уриалсаар ирсэн. Нэг үгээр хэлбэл, хуримтлалын аян нь олон нийтэд хуримтлуулах соёлыг хэвшүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Монголбанкны тухайд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь бидний зайлшгүй анхаарах ёстой ажил гэж үздэг тул бодлого, үйл ажиллагааныхаа нэгэн чухал зорилтуудын нэг болгож, анхнаас нь дэмжиж бас идэвх, санаачилгатай оролцож ирсэн. Үр дүнд нь өдгөө “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг уламжлал болгон өргөн хүрээнд тэмдэглэж дадсан бөгөөд жил ирэх тусам уг аяны ач холбогдлыг ойлгож хамтран нэгдэх байгууллагуудын тоо нэмэгдэж, үүнийг дагаад санхүүгийн мэдлэг боловсролыг илүү олон хүнд түгээх боломж ч нэмэгдсээр байна.

– Санхүүгийн боловсролтой байх нь хувь хүний амьдралд болоод улс орны нийгэм, эдийн засагт яг ямар ач холбогдолтой байдаг вэ?

Санхүүгийн боловсрол гэдэг нь ажил мэргэжил, эр эм, нас хүйс хэн байхаас үл хамаарч нийгмийн харилцаанд оролцож байгаа бүх хүнд хамаатай суурь мэдлэг юм. Иргэдэд санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдал, санхүүгийн зөв шийдвэр гаргалт, санхүүгийн залилан луйвраас хэрхэн сэргийлэх зэрэг олон чадварыг гагцхүү санхүүгийн боловсролоор л дамжуулж олгоно. Тухайлбал, хүүхэд, залуучуудад бэлэн мөнгөтэй  харилцах соёл, хуримтлал болон хэрэглээний шийдвэр гаргалтад нь туслах мэдлэг мэдээллийг олгох нь хувь хүний хөгжил, төлөвшилд болоод ирээдүйд олж авах мэдлэг боловсролынх нь суурь нь болж өгдөг. Тийм ч учраас аль болох бага насанд нь санхүүгийн мэдлэг боловсролыг олгох нь амьдралынх нь туршид дадал, хэвшил болж төлөвших маш чухал үр дүнтэй гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг. Цаашлаад энэ бүгд нь цогцоороо улс орны, санхүүгийн тогтвортой байдалд, эдийн засгийн өсөлт хөгжилд ч чухал нөлөөг үзүүлдэг.

– Энэ жилийн аяны хүрээнд ямар ажлууд хийгдэв? Мөн ямар байгууллагуудтай хамтран ажилласан бэ?

“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны нэгдсэн үйл ажиллагаанд арилжааны банкнууд манлайлан оролцсоны дээр орон нутаг дахь Монголбанкны салбар, хэлтсүүд болон Төв аймаг, Өмнөговь аймгууд идэвхтэй оролцож, аяны албан ёсны нэгдсэн арга хэмжээнүүдийг ч дээрх аймгуудад зохион байгууллаа. Аравдугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулагдсан энэ аянд Монголбанк, Монголын Банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Шпаркассэ банкны сан, арилжааны банкнууд болон Моней маркет фанд зэрэг бусад оролцогч байгууллагууд ч өргөн хүрээнд хамтран ажилласныг дурдахад таатай байна. Энэ жилийн тухайд “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар бид Төв аймгийн Зуунмод суманд аяныг эхлүүлсэн. Аяны нээлтийн хүрээнд Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хадгаламжийн даатгалын корпорац болон бусад оролцогч байгууллагууд дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл түгээж, Төв аймгийн ЕБС-ийн шилдэг сурагчдад хадгаламжийн батламж гардуулж өгсөн.

– Эцэст нь асуухад та бүхний өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн аянуудын хүрээнд тодорхой үр дүнгүүд гарч байгаа нь ойлгомжтой. Тухайлбал иргэдийн хадгалах, хуримтлуулах дадалд хэр зэрэг ахиц дэвшил гарч байна вэ?

2023 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 19.4 их наяд төгрөгийн хадгаламж байна. Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг. Эх үүсвэр хүрэлцээтэй байх нь зээлийн санхүүжилтийг хийх бололцоог олгодгийг та бид мэднэ. Хадгаламж өссөнөөр түүний төлөөх өрсөлдөөн буурах, улмаар хүүг бууруулах зэрэг давуу талтай. Жишээ нь 2022 оны 8-р сард Монгол Улсын инфляц 14.4 хувьтай байсан бол 2023 оны 8 сарын байдлаар 10 хувь хүртэл буурч, хуримтлал үүсгэж эхлэхэд таатай орчин бүрдэж эхэлж байна.