“Эрүүл Монгол хүн” фестиваль болж байна

untsugmn 2023-05-31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Фестивалийн үеэр сагсан бөмбөгийн 3×3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнесс, ширээний теннис, шатар, даам, дугуй зэрэг спортын уралдаан, тэмцээн, скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын тоглолт боллоо.

Иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим холбооны үйл ажиллагаа, нийтийн дасгал, хөдөлгөөн, нийтийн спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч, үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой.

Мөн эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулж, эрүүл, зөв зохистой хооллолт, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөвлөмж, мэдээлэл авах юм.

Үндэсний фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран орон даяар зохион байгуулж байна.