
Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргалыг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2020 оны 01 сарын 12-ны өдөр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас баривчилсан. Баривчлагдах үедээ метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүд биедээ авч явсныг хураан авсан байдаг юм.
Гэвч түүнийг 48 цаг саатуулаад, шүүхийн шийдвэрээр сулласан ч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Б.Буянжаргалыг У.Анхбаяр болон БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарын хамтаар нэг сар хорих шийдвэрийг гарган, тэд одоогоор ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 48 цаг суллагдсаны дараа Б.Буянжаргал нь найз У.Анхбаярын хамтаар гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр байсан нь Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчдийн хурц хараанаас мултраагүй гэнэ.
Б.Буянжаргалын хувьд МУИС-ийн хуулийн ангийн оюутан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Хуулийг дээдлэх учиртай хүн хуулийг уландаа гишгэсэн нь харамсалтай.
Бидэнд олдсон нэгэн ноцтой мэдээлэл бол Б.Буянжаргал өмнө нь хар тамхи олж авсан, хадгалсан, борлуулсан гэх Эрүүгийн зүйл ангиар ял шийтгүүлж байжээ. Тухайн үед түүнд тэнсэн харгалзах ял оноож байсан нь энэхүү гэмт үйлдлээ дахин дахин үйлдэхэд хүргэсэн бололтой.
Хэргийг сануулъя.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 сарын 25-нд хуралдаж, Б.Буянжаргал болон Э.Маралмаа нарыг “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар буруутган шүүжээ. Хилэнцэт овогт Э.Маралмаа нь давтан үйлдэлтэй байсан нь анхаарал татаж байна.
Хэргийн газраас хураан авсан “Мөс”, “шавар” гэх бодис, соруул, асаагуур, тугалган цаас, тарианы ус мэт зүйл, жижиг төмөр сав, нэг тал нь шатсан 50 төгрөгийн дэвсгэртийг шүүх дээр эд мөрийн баримтаар хэлэлцсэн байна.
Тухайлбал, Б.Буянжаргалын цүнхнээс соруул 1 ширхэг, үрчийлгэсэн тугалган цаас 1 ширхэг, гэрээс нь цэвэр жингээр 0.04 грамм “шавар” олдож байсан байна. Шүүгдэгч нарын “Ривер гарден”, “Лакшири Зайсан” хотхон дахь гэрүүд, унаж явсан “Форд эксфейдишн” машинд тус тус нэгжлэг хийж байжээ.
Гэвч, тэдэнд шүүх энэрэнгүй хандаж, давтан үйлдэлтэй Э.Маралмаад 1 жилийн хорих ял оногдуулсан ч шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, анх удаа хэрэг үйлдсэн Б.Буянжаргалд нэг жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оноож байжээ.
“Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж ахмадууд маань сургасаар ирсэн. Нэр нөлөө бүхий, боломжтой айлын хүүхдүүдийг шүүх түүнчлэн толгойг нь илсээр байвал үүнчлэн дахин дахин хэрэг үйлдэж, монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг хар тамхи гэгч тахлаар хордуулж байгаа нь жигшүүртэй биш гэж үү.
0 cэтгэгдэлтэй