ТАНХИМЫН ХУУЛИЙГ БУСАД ХУУЛЬД УЯЛДУУЛАН БИЗНЕСИЙНХЭНД АШИГТАЙ БАЙДЛААР ШИНЭЧИЛНЭ

2021-05-31 40

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.28) худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч  О.Амартүвшин нар болон бизнес эрхлэгчид оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, “УИХ-аас бизнес эрхлэгч нарт саад тотгор болж, хүндрэл үүсгэж буй асуудлын гарц шийдлийг олох, бизнесийн таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Анхаарах хамгийн чухал асуудал бол бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтад  орж, санал бодлоо нэгтгэн төр хувийн хэвшлийн үр дүнтэй хэлэлцлийн механизмыг хөгжүүлэх нь чухал юм.

 

Цаашид бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл ойлголцол нэн чухал бөгөөд үүнд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо чухал. Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Өнөрболор нарын гишүүд өргөн барилаа. Энэ хуулийг Улсын Их Хурал хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргах болно. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж гэж байна.

 

2021 оныг нэг талаас цар тахлын нөлөөгөөр хүнд байдалд орсон бизнес, эдийн засгийг сэргээх чухал цаг үе, нөгөө талаас  төр засаг-бизнесийнхний итгэлцэл ойлголцлыг шинэ шатанд гаргах цэг, улмаар Эдийн засгийн Их сэргэлтийг эхлүүлэх гараа гэж харж байна. Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан.

Цаашдаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон. Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосны нэг нь манай улс. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас гаргах, их сэргэлтийн бодлогыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа.

Өнөөдөр Монголбанкны удирдлагуудтай ярилцаж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган (2021.05.01-ний өдрийн байдлаар) иргэний муу /хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй/ зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгож байна. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм” хэмээн онцолсон юм.

Зээлийн мэдээлэл гэдэг нь зээлдэгчийн зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм. Харин зээлийн мэдээллийн сан гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу нийлүүлсэн зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон бусад төлбөрийн мэдээллийг агуулж буй Монголбанкны зээлийн мэдээллийн нэгдсэн сан гэж ойлгож болно. Харин зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан эсэх мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш 6 жилийн хугацаанд хадгалагддаг.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428  аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотголоо.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас дэлхий дахины болон Монгол Улсын эдийн засаг том сорилттой тулгарсан. Цар тахлын халдвараар дэлхий даяар нийт 168 сая хүн өвчилж, 3.4 сая хүн нас барсан бол манай улсад 53 мянган хүн халдвар авч, 250 гаруй хүн нас барсан харамсалтай тоон үзүүлэлт байна.

 

Холбоотой мэдээ