Энхтайваны гүүрний засвар бүрэн дуусчээ

2021-05-30 52

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хөл хорионы хугацаанд хийх үүрэг өгснөөр 2021 оны тавдугаар сарын 8-нд засварын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан.

Хөл хорионы хугацаанд тус гүүрний хэв гажилтын засвар, явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийсэн ч хил хаасантай холбоотойгоор явган хүний замын резинэн хучилтын түүхий эд дутаад байсан билээ. Өчигдөр дутуу үлдээсэн засварыг хийж дуусгасан байна.

Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажлын явцыг шалгажээ. Тэрээр “Хил гааль хаасан үед барилгын материал тасалдсан. Харин одоо дутаж байсан барилгын материалыг татан авч, явган хүний зам засварын ажлыг үргэлжлүүлж байна. Явган хүний замын хагарсан, бутарсан, овон товонтой хэсгийг дахин засварлаж, бетонон өнгөлгөө хийж тэгшилсэн. Мөн гүүрэн дээрх дөрвөн асрын гэрэлтүүлгийн ажил бүрэн дууссан. Бид явган хүний зам засварын ажил дуусахаар Улсын комисст хүлээлгэн өгнө.

Энхтайваны гүүрний 7200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтан хучилт хийсэн. 54 гэрлийн шонг авч шинэчлэн будаж, гэрэлтүүлгийг бүрэн солилоо. Тус гүүрний дөрвөн асарт засвар хийж, өнгийг шинэчилж, сайжруулсан. Гүүрний хоёр талын явган хүний 1400 ам метр замд олон улсын түвшинд хийгддэг гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийхэд замын түүхий эд 400 ам метр орчим талбайд дутсан. Энэ нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой. Ирэх бямба гаригт түүхий эд ирэхээр дутсан талбайн резинэн замыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн засварыг хийхэд зам хаахгүй, явган зорчигч мөн явна. Түүнчлэн Энхтайваны гүүрний хоёр талын 1400 метр урт хашлагыг стандартын дагуу 2-3 давхарлан будсан” гэлээ.

Холбоотой мэдээ