ДАНГААСҮРЭНГИЙН ЭНХБАТ буюу данхар ЭЭГЭЭ

2021-05-28 90
Олон мянган жилийн түүх уламжлалтай МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНД нэр дэвшинэ гэдэг хүний амьдралд ховорхон заяах нэр төрийн хэрэг бөгөөд хүн зоны итгэл найдварыг үүрэх ёстой үнэмлэхүй их хариуцлага билээ. Зах толгой нь олдохгүй бужигнасан өнөөгийн нийгэмд удам угсаа сайтай, эрдэм мэдлэгтэй, бүтээсэн үйлстэй, өндөр ёс суртахуунтай, элдэв бусармаг зүйлд холбогдоогүй нэр дэвшигч хэмээн сэтгэл уужрахын зэрэгцээ унаган багын найзын хувьд үүнийг тэрлэлээ. Та бүхэн тунгаах болтугай!
Хүмүүн гээч хорвоод амьдрах явцдаа олон найз нөхөдтэй болж, тэдэнтэйгээ жаргал зовлонгоо хуваалцаж, бие биендээ түшиг тулгуур болж явдаг жамтай… Арван жилийн, амьдардаг байрны, ажил амралтын, гэр бүлийн гээд тооцвол тоогоо алдах биз… Түүний дотроос эцэг эхийнхээ гараас хөтлөн арван жилийн сургуулийн босгыг хамтдаа алхсан тэр хэдхэн хүүхдүүд нэг насаараа хоорондоо дотносох нь зүйн хэрэг…
Нэгэн мянга есөн зуун жаран таван оны налгар сайхан намар төөлбөл бие чацуу, тоолбол нас чацуу хүүхдүүд эрдэм номын далайд хөл тавихаар 23 дугаар сургуулийн нэгийн “А” ангид тохой зэрэгцэн сууцгаасан нь Батмөнх, Батболд, Булган, Энхбат, Чулуунбаатар, Мөнхбаатар, Чулуунцэцэг, Гансүх, Саранцэцэг, Оюунбилэг… гээд… бидний хэсэг хүүхдүүд байлаа… Нэгдүгээр дөчин мянгатынхан болохоороо тэртэй тэргүй зүс таних бид хэд “нэг ангийнх” гэдэг эрхэм гэгээлэг нэрээр насан туршдаа гагнагдан жараад жил нөхөрлөж явна даа…
Арван жилийн гэнэн цайлган, гэгээлэг цагаан, элдэв бодолгүй шуугиж бужигнасан, дүрсгүйтэж загнуулсан, инээж хөөрсөн, эрдэм номонд шамдсан сайхан амьдрал үүнийг уншигч та биднийх ялгарах зүйлгүй нэгэн адил жаргалтай билээ… Тийм болохоор арай сүүлийн гэмээр ганц хоёр зүйл өгүүлсүү.
Нэгэн удаа Ээгээ, Гээгээ бид гурав Жигжидийн зуслан дээр оройжин ертөнц дэлхийн хамаг юмыг хамж шимэн ярьж суулаа. Ээгээ маань “Датаком” компаниа байгуулчихсан, нэг үгээр хэлэхэд интернетээс өөр зүйл амнаас нь гарахаа байсан үе… Би болохоор, за даа, телекс, факсаас арай илүү юм байх даа л гэсэн ойлголттой. Тэгэхэд мань хүн “хөгжилд хүргэх хамгийн гол зүйл бол хурд. Чи маргааш төмс тарилаа гэж бод. Яаж тарьдаг юм бэ? гээд хамаг амьтнаас шалгааж, элдэв заавар сонсож, хайран цагаа алдахын оронд төмс тарих дэлхийн хамгийн шилдэг технологи интернетээс шууд ав… Үүнийг чинь л хурд гээд байгаа юм… Ойлгов уу? найз аа” гэж билээ… Би нээрээ тийм ч юм уу, энэ тэр гээд л…
Хэдэн жилийн өмнө би компани байгуулаад, домэйн нэр авахаар “Датаком” орлоо. Та чинь манай захирлын багын найз биз дээ? гээд сүйд… Тийм шүү хө, тэгэхээр үнэгүй биз дээ гээд явуулбаас “манай компанид тийм зүйл огт байдаггүй, систем бидний оролцоогүй програмаараа ажилладаг, захирал мянга хэлээд нэмэргүй” гэвээ. Миний компани болохоор өөрөө байнга хөлсөө дуслуулан гүйж байхгүй бол тэрий хадчих гээд… Чухам үүнд бидний ялгаа оршиж байгаа юм даа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хөтөлбөртөө тусгасан зүйл нь ийм системийг буй болгох гэснийг та бүхэн анзаараа буй заа!
“Мерседест реклам хэрэггүй” гэдэг шиг миний найз Дангаасүрэнгийн Энхбатад удам угсаа сайтай, нийгэмд хэрэгтэй зүйл бүтээсэн, хувь хүний хувьд төлөвшсөн, мэргэжил боловсрол дээд түвшинд хүрсэн, элдэв зүйлд оролцоогүй нэр цэвэр, гэр бүлийн хувьд үлгэр жишээ гээд элдэв магтаал илүүц биз ээ. Хэдийгээр мянгантаа үнэн боловч… Та бүхэн мэдэж мэдэрч байгаа байлгүй!
Ам нээсэн дээрээ хэдэн үг хэлэхэд, бид олон жил сонгох эрхээ эдэлж байна хэмээн болж бүтэхгүй хүмүүсийг орой дээрээ залчихаад, дараа нь ярих эрхээ эдэлж байна гэцгээн сонгосон нөгөө хэдийгээ газар дор ортол муулж ирлээ… Нэр дэвшигчид бие биенээ адгийн шаар, хогийн этгээд болгохоор аль муухайгаар дуудан хөлсөө урсгаж, хоолойгоо сөөтөл бахиралдаад л… Тэгэхээр муу муухайн туйл болсон нөхдөөс арай бага нүгэлтэйг бид сонгосон болж таарав уу? Эргэж уулзах нүүр гэж байдаг даа… Уг нь… Одоо болих цаг болсон байх аа…
Та бүхэн түүхэн эргэлтийн байж болох эгзэгтэй цаг үед өнгөрсөн сонгуулиудыг дотроо дүгнээд “Одоо чинь хорин нэгдүгээр зуун, дэлхийтэй хөл нийлүүлэх эрин, хөгжил дэвшилд цаг алдалгүй хүрэх боломж, цэвэр шударга удирдагчаа тойрон нэгдэж, монгол түмний үнэт зүйл, эе эвээ эрхэмлэн хичээж, чиглэсэн зорилготойгоор хүчээ хамтран зүтгэе” хэмээн өөрийн сонголтоо мэргэн хийгээрэй. Итгэж байна…

Холбоотой мэдээ