Сурагчдын амралт энэ сарын 14-нөөс эхэлж, наймдугаар сарын 15-наас хичээллэнэ

2021-05-06 68

Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийн бэлэн байдалд шилжин, сурагчид 2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явагдаж байна. Халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас Боловсрол шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ.

Тодруулбал, 1-3 дугаар ангийн сурагчдыг тавдугаао сарын 07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 14-ний баасан гарагт хичээллээд амарна. Харин есдүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцлахаар болжээ.  Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэжээ.

Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ