‘Өргөө’ амаржих газрын 4 эмч, ажилтан халдвар авсан нь тогтоогдлоо

2021-04-14 43

Нэгдүгээр төрөх буюу ‘Өргөө’ амаржих газрын эмч, ажилчид халдвар авсан талаар хэвтэн эмчлүүлэгчдийн зүгээс манай редакцад мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор бид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ‘Өргөө’ амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй холбогдож тодруулахад тэрбээр ‘Манай эмнэлэгт халдвартай эсвэл ойрын хавьтал болсон нэг ч хүн байхгүй’ хэмээн хэлж байсан юм.

Харин өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөрөөс энэ тухай тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр ‘Дөрөвдүгээр сарын 9-нд Нэгдүгээр төрөх эмнэлгийн хоёр ажилтанд халдварын шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.

Нэмэлт шинжилгээнүүд буюу тандалтын үр дүнд тухайн эмнэлгийн дөрвөн эмч, ажилтан халдвар авсан нь тогтоогдсон. Бид үргэлжлүүлэн Нэгдүгээр төрөх эмнэлэгт тандалт, судалгааны ажил хийж байна.

Ер нь эрүүл мэндийн байгууллагын ажилчид халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг.

Өнөөдөр халдвар авсан 30 орчим жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Жирэмсэн хүмүүс халдвар авбал хүндрэх эрсдэлтэй гэдгийг ч олон улсын судалгаа, тоо баримтууд харуулж байгаа’ гэв.

Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн 397 ажилтан халдвар аваад байгаагаас 68.7 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдварт өртжээ.

Холбоотой мэдээ