АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй гэрээ байгуулна

2021-04-14 47

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 9-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн нам дангаараа эсвэл  хамтран нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Тиймээс МАН, АН, МАХН, ХҮН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ.

Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэх учиртай. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй намууд дотооддоо сонгуулийн бэлтгэл ажилд хэдийнээ оржээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. Мөн “Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заажээ. Дээрх шалгууруудыг хангасан хүнийг намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.

Эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь тодорхой. Тус намын дарга У.Хүрэлсүх өнгөрөгч сард намын гишүүддээ хандаж “Хэрэв намын гишүүд та бүхэн минь дэмжвэл миний бие 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж албан ёсоор илэрхийлсэн байдаг. Нам дотроо ч бэлтгэл ажил нь сайтар хангагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, МАН бүх гишүүдээсээ бус намын Их хурлаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулдаг жамтай.

Харин АН-ын хувьд бүх гишүүд дундаасаа буюу дотоод сонгууль зохион байгуулж, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх дүрэмтэй.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй АН-ын гишүүдэд дотоод сунгаа нь нээлттэй гэсэн үг. Ингэхдээ Үндсэн хуульд заасны дагуу 50 нас хүрсэн хүмүүс АН-ын дотоод сонгуульд өрсөлдөнө. Гэвч  АН-ын талцал, хуваагдал эцэслэгдээгүй өнөө хэр дотоод учраа ололгүй эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийш харсан. АН-ын талцал, үл ойлголцол Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбоотой. Учир нь, АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Туваан оны өмнөхөн АН-ын Их хурлаар дүрмийн өөрчлөлт хийж, “Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихээр санал гаргавал  намын Их хурлаар өрсөлдөгчгүй сонгож шийдвэрлэнэ” гэж тусгасан нь маргааны үндэс болсон юм. Гэхдээ энэхүү дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан.

Ийн АН-ын нэг тал нь одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа бол нөгөө тал нь намынхаа дүрмийн дагуу нийт гишүүд дундаасаа нэр дэвшигчийг тодруулна гэж үзэж буй.

Намын даргаа тодруулахад ч нэгдэж чадалгүй С.Эрдэнэ болон, Ц.Тувааны талаас хоёр намын дарга тодруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх алийг нь АН-ын жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг ойрын хугацаанд эцэслэнэ. Одоогоор хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, М.Тулгат даргатай АН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх таван ч ажлын хэсгийг байгуулжээ.

АН НЭР ДЭВШИГЧДЭЭ ҮЗЭЛ САНААНЫ ФИЛЬТР ТАВИНА

Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх том ажлын хэсэгт М.Тулгат, О.Магнай, О.Чулуунбилэг, Ц.Оюундарь, С.Эрдэнэ нар ажиллаж байна. Уг ажлын хэсэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тавих шалгуур, нөхцөлийг тодорхой болгож, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй ёс зүйн Моралын гэрээ байгуулахаар болжээ.

Тухайлбал, АН-ын гишүүдийн олонхын саналыг авч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч олон нийтийн сүлжээнд иргэдээ блоклодоггүй байх, парламентын засаглалын эсрэг үг хэлэхгүй байх, цаазаар авах ялыг сэргээх талаар хэзээ ч байр суурь илэрхийлэх ёсгүй, гуравдагч хөршийн бодлогыг байнга дэмждэг байх зэрэг фильтрүүдийг нарийвчлан гаргах юм байна. Энэ тухай өчигдөр “Сlubhouse”-т “АН-аас ямар нэр дэвшигчийг хүлээж байна вэ” гэсэн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ ажлын хэсгийн гишүүн О.Магнай илэрхийлсэн. АН өмнө нь нэр дэвшигчээ тодруулахдаа үзэл санааны ийм фильтр тавьж байгаагүй нь эргээд гишүүд, дэмжигчдийг гонсойлгож байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс энэ удаад нэр дэвшигчтэй  Моралын гэрээ байгуулж, АН-ын үзэл санаа, үнэт зүйлээс эргэхгүй байх  гэсэн тодорхой шалгууруудыг тавьж нэр дэвшүүлэлтийг зохион байгуулах юм байна.

Хоёр дахь ажлын хэсэг болох Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг Ч.Отгочулуу ахалж байгаа бол Социологийн судалгааны ажлын хэсгийг О.Чулуунбилэг ахалж байна.

Тавдугаар сарын 2-нд АН Их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжилна. Үүнээс өмнө дотоод сонгуулиар нэр дэвшигчийг тодруулна.  Харин санал хураалтыг цахимаар эсвэл цаасаар явуулах уу гэдгийг одоогоор эцэслээгүй байгаа бөгөөд ажлын хэсэг дээр яригдаж байгаа аж.

Холбоотой мэдээ