“Хуулийнхантай холбоотой 106 хэргийг шалгаж эхэлсэн”

2021-04-09 54

УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хууль хяналтын ажилтнуудтай холбоотой 106 хэргийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн талаар мэдээлэл хийв. Тодруулбал, прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч, мөрдөх байгууллагад шалгагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 20 хэрэг, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянан шалгаж эхэлсэн аж. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс өргөдөл, гомдол, мэдээллүүд УИХ-д ирж байна. Хэн нэгнийг яллаж, буруутгахыг урьтал болгоогүй. Гагцхүү нөхцөл байдлыг үнэн зөвөөр шалгаж, хууль бус үйл ажиллагаа байгаа бол хариуцлага тооцдог байхыг шаардаж байгаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Цаашид эдгээр хэргүүд замхрахгүй байх, хэрэгсэхгүй болохгүй байх, хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоох асуудалд хяналт тавьж ажиллана. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах процессын үйл ажиллагаанд бид оролцохгүй. Шаардлагатай гэж үзвэл эдгээр хэргийг шалгаж буй асуудлаар УИХ дээр сонсгол хийнэ” гэв.

 

Холбоотой мэдээ