Ш.Лхачинжав: Цэргүүд айлаас боорцог, гамбир болон мотоциклийг нь гуйж аваад явсан байсан. Үргэлжлүүлэн хайж байна

2021-04-09 48

Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав холбогдох мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

– Болсон хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

– Хил хамгаалахын дөрөвдүгээр застав дээр энэ сарын 8-ны өдрийн 18:00 цагт Монгол Улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, Н нарын бүрэлдэхүүн манаанд үүрэг гүйцэтгээд буухдаа урдаас нь очсон харуулын дарга руугаа зэвсэг хэрэглэж, амь насыг нь хөнөөгөөд, харуулын байрыг орхиод явсан гэх мэдээллийг бид хүлээн авсан. Хилийн манаанд үүрэг гүйцэтгээд харуул дээр ирээд харуулын дарга нь манаагаа тосож авч, бууг шалгаж байрлуулдаг журамтай. 

Иймд Говь-Алтай аймгийн цагдаагийн газар болон Тагнуулын газар тус ангийн бүрэлдэхүүнтэй өнгөрсөн шөнө  ажиллаж, одоогийн байдлаар хоёр цэргийн алба хаагчийн араас мөрөөр нь мөрдөөд явж байна. Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2020 оны аравдугаар сард татагдаж ирсэн 19 настай залуучууд юм. Их харамсаж байна.

– Тус цэргүүдтэй холбоотой ямар мэдээлэл сүүлд ирсэн бол. Мотоцикл авч явснаас өөрөөр, аймгийн иргэдэд хохирол учруулсан асуудал гарсан уу?  

– Хоёр цэрэг өнгөрсөн шөнөжингөө яваад хилээс 15 орчим км газарт байдаг Алтай сумын нэг иргэний гэрт очоод, жаахан боорцог, гамбир болон мотоциклийг нь гуйж аваад явсан байсан. Ангиас 50 орчим км газарт гэдэг газар мотоциклоо орхиод, цааш уулаар орж явсан мөрийг нь  дэлгэрүүлэн ажиллаж байна.

-Харуулын дарга нь магадгүй дарамт шахалт үзүүлдэг байсан эсэхийг тодруулсан уу?

-Хил дээр үлдсэн хоёр цэргийн өгсөн урьдчилсан мэдүүлгээр “харуулын даргын дарамт шахалт байгаагүй, цэргүүдтэй эвтэй найртай харьцдаг, оюунлаг, бидэнд шүлэг уншиж өгдөг харуулын дарга байсан” гэсэн мэдээллийг одоогоор өгөөд байгаа. Цаашид уг хэргийн шалтгааныг хууль хяналтын байгууллагынхан нарийн тогтоох байх.

– Зугтсан хоёр цэрэг сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай байсан болов уу?

– Хил хамгаалах байгууллагад бүх чиглэлийн нэгжүүд дээр сэтгэл судлал хариуцсан офицерууд ажилладаг. Офицеруудтай ганцаарчилсан уулзалт хийж асуухад тухайн цэргүүдэд анхаарал татахаар шинж тэмдэг илэрч байгаагүй гэсэн. Бид үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тодруулах гээд явж байна.

– Хоёрдугаар сард дугаар ангид бас нэг офицер өөрийгөө боомилж амь насаа алдсан хэрэг гарч байсан юм билээ. Яагаад тус ангид ижил төстэй гэмт хэргүүд ийнхүү гарч байна гэдэг нь асуулт дагуулж байна?

– Хууль хяналтынхан тухайн үед шалгаж тогтооход гэр бүлийн маргаанаас болсон бөгөөд амралтын өдрөөр гэртээ очиж ирээд ийм хэрэг болсныг тогтоосон. Хил хамгаалах байгууллагын хувьд ийм төрлийн асуудлуудыг таслан зогсоох чиглэлээр ажлууд зохион байгуулж ирсэн. Бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулж, цэргүүдтэйгээ ярилцаж, сонсдог, цэргүүдийг ар гэрийнхэн рүү нь захиа бичүүлж, харьцуулдаг.

Яг тухайн агшинд цэргүүдийн толгойд ямар бодол орсон болоод өргөсөн тангарагаасаа няцаж ийм зүйлд хүрсэн эсэхэд дүгнэлт хэлэхэд эрт байна. Хил хамгаалах байгууллагын хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хугацаат болон гэрээт цэрэгтэй зүй бус харьцах асуудал гаргахгүйн тулд цохиж, өшиглөсөн тохиолдолд шууд хариуцлага тооцох арга хэмжээг авч байгаа.

– Амиа алдсан харуулын тухайд хэдэн оноос ажиллаж ирсэн бэ?

– Манай хамгийн сайн харуулын даргуудын нэг байсныг онцолж хэлмээр байна. Эхнэр гурван хүүхдийн хамт хилийн заставт амьдардаг. Ар гэрт нь 50-60 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн орчинтой. Мөн цаашид анги хамт олон, ангийн зүгээс ахлагчийн үр хүүхдүүдэд анхаарал тавьж явах болно.

– Зугтсан хоёр цэрэгт хариуцлагын ямар хэлбэрийг тооцох бол?

– Монгол Улсын Эрүүгийн хуулинд цэргийн гэмт хэрэг гэх санкц байдаг. Холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээхээр байна. Ер нь цаашид энэ төрлийн асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Тодруулбал, цаашид Монгол Улсын торгон хилийг хугацаат цэргийн алба хаагч манах уу, гэрээт цэрэг манах уу гэдэг төрийн бодлого өгүүлэгдэж байгаа хэрэг. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдах ёстой болов уу. Мөн хүн хүчийг дайчлахаас илүү технологийн дэвшлийг ашиглах боломжийг судалж, нэвтрүүлэх бодлого хүрэлцээтэй.

Холбоотой мэдээ