БҮХ СУРГУУЛИУДЫН АНГИ, БҮЛЭГ ХОЁР ХУВААГДАЖ, ХИЧЭЭЛЛЭНЭ

2021-03-03 72

Нийслэлд хотод Covid-19 халдварын эрсдэлийн түвшин харьцангуй өндөр хэвээр байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээнээс эхлэх талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 10-наас эхлүүлэхээр Засгийн газарт санал оруулсан ч дэмжээгүй. Эхний ээлжид танхимын сургалтыг тодорхой тооны хичээлүүдээр зохион байгуулна. Цаашид хичээлийнхээ тоог нэмэгдүүлж энгийн горим руу шилжинэ гэдгийг БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэллээ. Тэрбээр өчигдөр МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа “Албан ёсны бүх сургуулиудын анги, бүлэг болгон хоёр хуваагдаж хичээллэх нөхцөл байдал үүснэ. Тийм учраас 5:9 гэдэг нарийвчлалтай стратегийг боловсруулсан. Тухайн ангийн хүүхдүүд хоёр хуваагдаад хичээллээ гэхэд нэг хэсэг нь эхний долоо хоногт, нөгөө хэсэг нь дараагийн долоо хоногт хичээллэнэ. Гэртээ байх хугацаандаа зайн сургалтаа хийнэ. Жишээлбэл, 3000 сурагчтай сургууль 1500, 1500-гаар хоёр долоо хоногт хуваагдана гэсэн үг. Дахин сургууль дээрээ ирэхээрээ 750, 750-иараа хоёр ээлжинд хуваагдана. Аль болох хүүхдүүдийг тархаан байршуулж, эрсдэл бага халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг олон хувилбар боловсруулсан.

Хэрвээ нийслэлийн Онцгой комиссоос зөвхөн ахлах ангиа хичээллүүлэх эсвэл нэг, хоёрдугаар ангийн танхимын сургалтыг эхлүүлье гэвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэмжиж, Засгийн газарт санал оруулахад бэлэн байна. Хамгийн гол нь нийслэл дэх цар тахлын голомтын эрсдлийн үнэлгээ их чухал. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааврыг харахаас өөр аргагүй.

Гэхдээ одоо нийслэлийн хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалт, орон нутаг руу явах хүсэлтэй иргэдээс PCR шинжилгээ авах зэргээр ерөнхий боловсролын сургуулийн байрыг ашиглаж байна. Яаралтай энэ байруудыг шилжүүлж, ариутгал халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа. Ер нь тодорхой шинжлэх ухааны үндэстэйгээр багш нар, орон нутгийн сургуулиуд бэлтгэлээ хангачихсан байгаа. Одоо юу, юугүй долоо хоногийн дараа хичээл орно гээд хүүхдээ хичээлээр шахахгүй байхад эцэг, эхчүүд анхаараарай” гэсэн юм.

Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд баасан гарагт нэгтгэж, дүгнэх юм байна.

Одоогийн байдлаар 14 ерөнхий боловсролын сургууль дээр PCR шинжилгээний цэг ажиллаж байгаа. Улсын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг эхлүүлэх тушаал гарвал долоо юм уу 14 хоногийн өмнө шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх нь ээ.

Холбоотой мэдээ