ЗГ: Оюутолгойгоос 230 тэрбум төгрөг Төрийн санд орсон, ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирнэ

2021-02-27 59

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсээд байсан.

Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны арванхоёрдугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.

Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны хоёрдугаар сарын 10, 19-ны өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.

Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуй нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.

ТЕГ-с “Оюу толгой” ХХК-д 2016-2018 оны санхүүгийн жилд 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Актын хүрээнд 230 тэрбум төгрөг Төрийн санд өчигдөр орж ирсэн. Ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ