Г.АРИУНБААТАРЫГ ОХУ-ЫН “ГАВЬЯАНЫ ТӨЛӨӨ” МЕДАЛИАР ШАГНАЖЭЭ

2021-02-24 102

“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод дуулжээ. Эх орноо сахин хамгаалагчдын өдөрт зориулсан уг тоглолтыг Москвагийн цагаар 21.20 цагт, Улаанбаатарын цагаар энэ сарын 24-ний 02.20 цагт “Первый канал ОРТ” сувгаар шууд дамжууллаа. Тэрээр “Эх орноо сахин хамгаалагчдын өдөр”-т зориулсан баярын тоглолтод Александровын нэрэмжит цэргийн ансамбльтай хамтран “Я люблю тебя, жизнь!” дууг дуулжээ.

Түүнийг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнасан байна.

Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд “Чингис хаан” одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байсан юм.

Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ.

Холбоотой мэдээ