Ким Кардашиан салах өргөдлөө өгчээ

2021-02-20 46

Америкийн шоу бизнесийн од Ким Кардашян өөрийн нөхөр, рэппер Канье Уэстээс салах өргөдөл гаргасан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тэд хамтдаа долоон жилийг өнгөрүүлсэн ба дөрвөн хүүхдийн эцэг, эх билээ. Алдарт хос 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд 2014 онд Италид тансаг хурим хийж байв.

Ким нөхрөөсөө тусдаа Калифорниа мужид дөрвөн хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд зул сарын баяраа өөрийн гэр бүлтэйгээ хамт тэмдэглэжээ. Сүүлийн үед тэдний хамтын амьдрал ээдрээтэй байгаа талаар хэвлэлүүд мэдээлэх болсон билээ.

Өнгөрсөн онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөхөр нь өрсөлдөх болсноо зарласны дараахан Ким Канье Уэстийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар цахим сүлжээнд мэдээлж байсан юм.

Канье сонгуулийн анхны сурталчилгаагаа Өмнөд Каролинагаас эхлүүлсэн. Энэ үеэр сонгогчидтойгоо уулзахдаа үр хөндөлтийн талаар ярьсан нь мөн шуугиан дэгдээсэн. Тэрбээр том охиноо төрөхөөс өмнө өөрийнх нь хайхрамжгүй зангаас болж эхнэр нь үр хөндөлт хийлгэх шахсан талаар ярьж уйлсан юм.

Үүний дараа тэр шөнийн цагаар цахим сүлжээндээ хоёр ч удаа ойлгомжгүй, хоорондоо хамааралгүй жиргээ бичиж, өглөө нь устгасан. Эхлээд Канье Уэст эхнэр нь өөрийг нь эмнэлэгт хорих гэж оролдсон тухай бичсэн бол хоёр дахь жиргээндээ тэрбээр эхнэр нь түүнийг реппер Мик Миллтэй явалдаж хуурсан тул салмаар байгаагаа бичиж байв.

Холбоотой мэдээ