ЯПОН УЛС ЦАР ТАХЛЫН ВАКЦИНАА ӨНӨӨДӨР ХИЙЖ ЭХЭЛНЭ

2021-02-17 61
Ерөнхий сайд Сүга Ёшихэдэ “аль болох хурдан, нэг өдрийн ч болов өмнө иргэддээ аюулгүй, үр дүнтэй вакциныг хүргэхийн төлөө бүх хүч чадлаа дайчилж” ажиллахаа мэдэгдсэн билээ.Энэ ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгэх орон нутгийн засаг захиргаанд хандаж мэдээллийн шуурхай байдлыг хангаж ажиллах, хэрэгцээтэй зардлыг бүгдийг улс хариуцна гэдгээ мэдэгдсэн.
Цар тахлын вакцины асуудлыг Сайд Коно Таро хариуцаж ажиллаж байгаа юм.Тэрээр “ашиг тус болон эрсдлийг, аль алиныг нь бодолцож аль болох вакцинжуулалтад өргөн хамрагдахыг ард иргэдээсээ хүсч байна” гэж онцолжээ.
Холбогдох яам 15-ны ням гарагт АНУ-ын Фпайзерын вакциныг Япон Улсад үйлдвэрлэх, ашиглахыг зөвшөөрчээ. Өнөөдөр эрүүл мэндийн 40 гаруй мянган ажилтнуудад хийж эхлэх юм. Вакцины төлөвлөгөө аль эрт гарсан байна, 4-р сараас эхлэн 65-аас дээш настай ахмад хүмүүстээ тарих гэх мэтээр төлөвлөсөн ёсоор явагдана.
Вакциныг 16 наснаас дээш хүмүүст тарих аж. 3 долоо хоногийн дараа дахин 1 тунг хийнэ. Жирэмсэн болон бие муутай өндөр настан, элэг болон бөөрний өвчтэй хүн эмчтэйгээ сайн ярилцаж, эмч эрсдлээс илүү ашиг тус танд илүү тусах талаар шийдвэр гаргавал, түүнийг хувь хүн өөрөө зөвшөөрвөл вакцин хийлгэх нээлттэй юм. Хүнд өвчтэй, бас халуурч байгаа хүнд хийхгүй гэж үзэж байна.
Фпайзерын вакциныг 40 мянга гаруй хүн дээр туршсан, туршилт судалгаанд оролцогсдын 95% -д үйлчилгээ өндөр байгаа нь батлагдсан. Японы эрүүл мэнд, хөдөлмөрийн яам 160 хүн дээр туршилт судалгаа явуулж байж 15-ны өдөр иргэддээ тарихыг албан ёсоор зөвшөөрч байна. Түүнээс гадна уг вакциныг гадаад орнуудад хийж эхэлсэн цагаас эхлэн тухайн улс оронд амьдарч байгаа япон иргэд, тэнд эмчээр ажиллаж байгаа япон эмч нартай байнга холбоотой байж эрсдэл, дагалдах гаж нөлөөг өдөр тутам ярилцаж мэдээлэл авч ирсэн. Үүнд Японы хэвлэл мэдээллийн байгууллага маш үүрэгтэй оролцлоо. Ингэснээр япончууд тариулахаасаа өмнө маш их мэдээллэлтэй болж дагалдах эрсдлийг бууруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авах бэлтгэлээ базаасан гэсэн үг юм.
Японы Засгийн газар ковид гарсан цагаас эхлэн дэргэдээ мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулж тэдний хүчтэй оролцоотойгоор шийдвэрээ гаргаж ирлээ. Өнөөдрийн байдлаар дагалдах гаж нөлөө, эрсдлийн талаарх мэдээллийн стандартыг тогтоож хэлэлцэж баталсан байна. Энэ бүхэн Дархлаажуулалтын хууль, бусад хуульд тодорхой тусгагдсан байна.
Саяхан Фүкүшимад хүчтэй газар хөдлөлт болж цахилгаан, ус тасарсан газрууд цөөнгүй бий. Вакцины тухайд тэнд ч төлөвлөгөө ёсоор явагдана, газар хөдөлвөл яах вэ, байгалийн гамшиг нүүрэлвэл яах вэ гэдгийг бодолцож бэлтгэлээ хангасан байна.
Японы томоохон бизнесийн байгуулгууд иргэддээ, төр засагтаа маш их нөмөр нөөлөг болж байна. Би энэ талаар өмнө бичсэн.
Вакцины тарилга явуулах талбай танхим гаргаж өгөх, хүн хүч, сайн дурын ажилтнуудаар туслах гэх мэтээр хамтарч ажиллаж байна. Вакцин хийлгэхэд цалинтай чөлөө өгч байна. Зөвхөн өнөөдөр 10 мянган хүнд вакцин тарих нь ээ.
Вакциныг дор хаяж 3 хувилбартай хийж байна. Том танхим бэлтгэсэн байна. Нэг доор олон хүнд хийх.Хийлгээд 15-20 минут сууж хүлээж байдлаа харах. Үүнд явуулын эмч нар түргэн тусламж үзүүлэх, харшил, хүндрэл гарвал арга хэмжээ авахад бэлэн. Мөн эмнэлгүүдээр хувь цөөнөөр хийлгэх. Эрсдэлээ бодоод эмнэлэгт очиж эмчийн дэргэд хийлгэнэ гэвэл боломжтой. Гэрээрээ хийлгэх. Фпайзерын -70-аас дээш хэмтэй хадгалах зөвлөмж ёсоор мини хөргүүрүүд бэлтгэсэн байна. Иймэрхүү төгс гэмээр бэлтгэлтэй ажиллаж байна.
Иргэдийн хувьд “хүчин чармайлт гаргах үүрэг”-тэй. Үүнийг хуулиар баталгаажуулж өгсөн. Энэ үүргээ биелүүлэх л ёстой гэж үзэж байна.
Вакцин хэдийгээр сайн дурын хэрэг боловч нийгмийн гоц аюултай халдварт өвчин болох цар тахлаас сэргийлэх одоогоор дэлхий дахинд хамгийн найдвартайд тооцогдож буй дархлаажуулалтын энэ үйл ажиллагаанд оролцохгүй, хийлгэхгүй гэх нь хувь хүмүүсийн эрх боловч, үүргийн хувьд хэрвээ хийлгэхгүй бол өөрөө халдварлахгүй, бусдад халдаахгүй, эрсдэл гаргахгүй байх нь чухал болж байна. Энэ бүхнийг хувь хүн өөрөө хариуцах үүрэгтэй. Бусдыг уриалах, турхирах нь ч бас хуулиар хориотой юм.
Эх сурвалж: Япон судлаач О.Жаргалсайхан

Холбоотой мэдээ