​​Д.Нарантуяа: Зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй байя гэвэл дасгал хий, зөв хоолло

2021-02-17 45

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь зүрх судасны өвчин болоод байна. Манай  гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байгаа аж. Түүнчлэн сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин ялангуяа цусны даралт ихсэх өвчин залууст зонхилон тохиолдож 19, 21 настай оношлогдох болжээ. Тиймд зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнд нөлөөлж буй голлох хүчин зүйлүүдийн талаар Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлгийн зүрхний тасгийн эмч Д.Нарантуяатай ярилцлаа.

 

Манай улсад нас барсан гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна гэж байна. Зүрх судасны өвчинд нөлөөлж буй голлох хүчин зүйл юу байна вэ?

-Зүрх судасны өвчлөлд цусны даралт ихсэлт, буруу хооллолт, чихрийн шижин өвчин голлох нөлөө үзүүлж байна.

Цусан хангамжид хамгийн мэдрэг байдаг эрхтэн бол тархи, зүрх хоёр байдаг. Тархины харвалтыг хоёр ангилан авч үздэг. Тархийг тэжээж байгаа судас хагараад эд эрхтэнд цус нэвчиж байгаа үзэгдлийг цус харвах гэнэ. Тархины судас бөглөрөөд тархинд цус очихгүй байгаа процессыг тархины цус хомсдох буюу тархины шигдээс гэж хэлдэг. Зүрхний хувьд тархитай яг адилхан процесс явагдана. Судас бөглөрч цус зүрхний эд эсэд очихгүй байгаа үед зүрх үхжинэ. Үүнийг зүрхний шигдээс гэж нэрлэдэг.

Судас бөглөрч, цус өтгөрөхөд нөлөөлдөг гол зүйл нь чихрийн шижин буюу цусан дахь сахарын агууламж нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн чихрийн шижинтэй хүн таргална. Хүн таргалснаар зүрх өөхөлнө. Өөхөлсөн зүрхний ачаалал ихэсч муу ажиллана. Үүний улмаас судас нарийсна, даралт ихэснэ.

-Зүрх судасны өвчнөөс сэргийлэх ямар арга байна вэ? 

-Зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй байх хоёр арга бий. Нэгд, дасгал хий. Хүнд хөдөлгөөн дутна уу гэхээс илүүдэхгүй. Хамгийн багадаа өдөрт 30 минут алхаж байх залшгүй шаардлагатай. Хоёрт, хоолоо зохицуулж, тааруул. Дотор өөх болон ургамлын тосноос аль болох татгалзах хэрэгтэй. Мөн давсны хэрэглээгээ багасгах нь маш чухал нөлөөтэй. Манай улсын хувьд давсны хэт их хэрэглээ нь зүрх судасны өвчнөөр өвчлөх гол шалтгаан болж байна .   Өдөрт хүн хамгийн ихдээ 5 грамм давс хэрэглэх нь зохистой хэрэглээ гэж үздэг. Түүнээас гадна зүрхний өөрчлөлтэй хүмүүс төмс, чихэртэй ундаа, цагаан гурилын бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж, дээр нь цагаан будааг хязгаарлах хэрэгтэй.

-Зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд ургамлын тосны хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэж байна. Ургамлын тос зүрх судсанд ямар сөрөг нөлөөтэй юм бол? 

-Ургамлын тосны ханаагүй өөх тосны агууламж өндөр тул зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг   Хэрэглэж байгаа тосныхоо 100 граммд агууулагдаж байгаа ханаагүй өөхний хэмжээг маш сайн харж, аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Ханаагүй тос зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж байдаг.

Уургийн бэлдмэл хэрэглэснээс болж зүрхний хэм алдагдсан, хүндрэлтэй залуус ирж байна  

-Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин ялангуяа цусны даралт ихсэх өвчин залуучуудад зонхилон тохиолдож 19, 21 настай залуу оношлогдож байна гэлээ. Үүнд юу нөлөөлж байна вэ? 

-Залуусын өвчлөлд стресс голлох хүчин зүйл болж байна. Мөн сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл нь төрөл бүрийн уургийн бэлдмэл их хэмжээгээр хэрэглэж байгаа нь зүрх судасны өвчлөлтэй болоход нөлөөлж байна. 

Уургийн бэлдмэл хэрэглэсэн бол түүнийгээ задлах хэмжээний дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. Гэтэл тэр дасгал хөдөлгөөнөө хангалттай хийгээгүйн улмаас зүрхний төрөл бүрийн хүндрэл гарах, зүрхний хэм нь алдагдсан залуус ирж байна.

-Зүрх өвдөх, даралт ихсэхэд архи уувал сайн гэж хүмүүс ярьж, уудаг. Энэ нь зөв үү, буруу юу?

-Архи бол тухайн үедээ судсыг тэлнэ. Дараа нь архи гарлаа гэхэд тэр хэмжээгээр судас агшина. Агшихаар буцаад архины хүндрэлүүд гарч эхэлдэг. Архи уусны маргааш зүрх өвддөг нь ийм учиртай. Хэрвээ таны даралт ихэссэн юм уу, зүрхээр эвгүй оргисон байхад хэт их архи уувал илүү олон судас ажиллаад, илүү их ачаалал зүрхэнд ирнэ. Тэгэхээр архи зүрхэнд илүү их эрсдэлтэй, магадгүй зүрх зогсоох, цус харвах аюулд хүргэж болно .

-Шүд цоорох нь яагаад зүрхэнд нөлөөдөг вэ?

-Шүд цоорохоор тэр хөндийд зүсэн бүрийн нян хадгалагдаж байдаг. Хүнийг амьсгалах, хоол идэх бүрт тэр нянгууд бие руу нь  орж байдаг. Түүнээс болж хүний зүрхнээс гадна бусад эрхтэнд нөлөөлнө. Зүрх муутай, эсвэл ямар нэг зүрхний өөрчлөлтэй хүмүүст шүдний өвчин маш аюултай. Яаралтай эмчилгээ хийлгэх нь чухал байдаг.

Эх сурвалж: IToim

Холбоотой мэдээ