Зөвшөөрөгдсөн байгууллагууд PCR шинжилгээтэй хүмүүсээ ажиллуулах шаардлагатай

2021-02-15 130

Хязгаарлалтад ороогүй 14 байгууллага PCR шинжилгээтэй хүмүүсээ ажиллуулах шаардлагатай гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ.

Тэрбээр ‘Төрийн захиргааны ажилтан, алба хаагчдаас бид коронавирусийн шинжилгээ авчихсан. Гэвч тэд шинжилгээний хариугаа биедээ авч явахгүй байна. Тэгсэн мөртлөө зам дээр очоод би шинжилгээ өгчихсөн гээд байгууллагынхаа үнэмлэхийг үзүүлээд түгжрэл үүсгэж байна.

Зөвшөөрөгдсөн байгууллагууд ер нь PCR шинжилгээтэй хүмүүсээ ажиллуулах шаардлагатай.

Мөн иргэдийн дунд PCR шинжилгээ өгчихсөн л бол гадуур хамаагүй явж болно гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй.

Зөвшөөрөгдсөн 14 байгууллага өөрсдөө зохион байгуулалтад орчихсон тул автобусаар онц зорилгогүй хүн явуулахгүй.

Ялангуяа ахмад настай хүмүүс нийтийн тээврээ зорчих гэж их оролдож байгаа нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Иргэд, байгууллагууд аль аль талдаа хүндрэл учруулалгүйгээр зөв зохион байгуулахыг хүсье’ гэв.

‘Хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай ч шинжилгээ өгөөгүй иргэд эмнэлгийн картаа үзүүлээд хөдөлгөөнд оролцож болно

Үргэлжлүүлэн ‘PCR шинжилгээний бичиггүйгээр хөдөлгөөнд оролцох гээд байгаа иргэдийн дунд бид судалгаа хийхэд эмнэлэг рүү явж байгаа хүмүүс нь их байна.

Тиймээс хоёрдугаар шатлалаас дээш эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай ч шинжилгээ өгч амжаагүй иргэд эмнэлгийн картаа үзүүлээд хөдөлгөөнд оролцох боломжтой.

Мэдээж өөр ямар нэг байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай болсон иргэд эхний ээлжид түргэн дуудаад үзүүлэх хэрэгтэй. Энэ мэтээр уян хатан зохион байгуулах шаардлагатай.

Шинжилгээ өгөөгүй байж хөдөлгөөнд оролцож, халдвар зөөвөрлөх эрсдэлт үйлдлүүдийг бид хаа хаанаа болгоомжлох ёстой.

Энэ вирус хэнийг ч ялгахгүй тул хайртай хүмүүсээ халдвараас хамгаалахын тулд хичээх ёстой’ гэдгийг нэмж хэллээ.

Холбоотой мэдээ