Б.Баатархүү: Хөл хорионы үеэр ажиллах хуваарь болон ажлын үнэмлэхийг шалгаж хувийн унаагаар зорчуулна

2021-02-11 76

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд 14 чиглэлийн байгууллага үйл ажиллаа явуулахыг зөвшөөрснөөс зургаагийнх нь ажилтан, алба хаагчид хувийн унаагаар хөдөлгөөнд оролцож болохыг УОК-оос танилцуулсан.

Гэвч хатуу хөл хорионы дэглэмд шинжсэнээс хойш буюу өнөөдрийн 06:00 цагаас хойш замын цагдаагийн алба хаагчид зөвшөөрөгдсөн чиглэлийн байгууллагын ажилтнуудыг хувийн унаагаар нь хөдөлгөөнд оролцуулалгүй, багагүй чирэгдэл учруулав. УОК-ын шийдвэр нэгэнт гарсан байхад цагдаагийн алба хаагч биелүүлэхгүй байгаа нь аливаа шийдвэр болон түүний хэрэгжилт зөрчилдөж байгааг харууллаа.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулав.

Тэрбээр “Цагдаагийн байгууллага явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг төрийн байгууллагын албан хаагчидтай хамтран зохион байгуулж байна. 10 мянга гаруй төрийн албан хаагч бидний үйл ажиллагааг дэмжиж байна. Ингэж анх удаа хамтарч ажиллаж байгаа учраас алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй.

Өнөө өглөө цагдаа болон иргэдийн хооронд үл ойлголцол гарсан. Бид бүх мэдээллийг авсан. Шуурхай штабаас зохицуулалт хийж байгаа.

Нөгөө талд хувийн машинаар зорчихыг зөвшөөрсөн зарим байгууллагын ажилчдын тоонд хязгаарлалт тавьсан. Жишээ нь, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилчдын 10-15 хувийг хувийн унаагаар хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн. 50 ажилтантай байгууллагын 5-6 л хувийн унаагаар хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.

Тэдгээр байгууллага ажиллах хүмүүсийнхээ хуваарийг баталгаажуулж, нэг хувиа Шуурхай штаб руу хүргүүлэх ёстой. Тухайн ажилтан энэ хуваариа ажлын үнэмлэхтэйгээ биедээ авч явна. Ажлын газрын тодорхойлолт бус Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллах хуваарь байх ёстой гэдгийг анхааруулъя. Энэ тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулна” гэв.

Холбоотой мэдээ