Уханьд ажилласан ДЭМБ-ын шинжээчид шинэ коронавирусийн үүсэл гарлын талаар эхний дүгнэлтээ танилцууллаа

2021-02-10 67

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинжээчдийн баг нэгдүгээр сарын 14-ний өдөр шинэ коронавирусийн үүсэл гарлыг судлахаар Хятад улсад ирсэн юм.

Тэд 14 хоног тусгаарлагдсаныхаа дараа Ухань хотод очиж, 2019 оны арванхоёрдугаар сард анх вирус тарсан Хуанан далайн хүнсний зах, хэд хэдэн эмнэлэг, Уханий Вирологийн Хүрээлэн дээр ажиллажээ.

Шинжээчдийн ахлагч Питер Бэн Эмбарек өчигдөр багийнхаа хийсэн ажлын эхний үр дүнг танилцуулсан байна.

Тэд вирус анх хүнд халдсан байж болох дөрвөн хувилбар онол дэвшүүлснээ батлахаар ажиллажээ.

Үүнд тээгч амьтнаас хүнд шууд халдах, дамжуулагч дундын амьтнаар дамжин хүнд халдах,

хөлдөөсөн хүнсээр дамжиж халдах, лабораториос алдагдсан вирус халдах гэсэн дөрвөн онол дэвшүүлсэн байна.

Ингэхэд лабораториос вирус гадагш алдагдсан байх магадлал ‘маш бага’, харин дундын дамжуулагч амьтнаар дамжиж хүнд халдсан байх магадлал “хамгийн өндөр” байгааг Эмбарек мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл шинэ коронавирус нь сарьсан багваахайнаас ямар нэг амьтнаар дамжин хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Хятадад байхдаа цуглуулсан баримтууд дээр үндэслэн нарийвчилсан судалгааг цааш үргэлжлүүлэх шаардлагатайг Эмбарек хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.

Ухань хотод илгээсэн ДЭМБ-ын шинжээчдийн баг дэлхийн 10 орны экспертүүдээс бүрдсэн юм.

Холбоотой мэдээ