Арбитрын шүүх “Pио Tинто” –гийн эсрэг шийдвэр гаргажээ

2021-02-05 71

“Туркойз Хилл Ресурс” компани нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийн толгой компани “Pиo Tинтo” –гийн эсрэг арбитрын шүүхэд нэмэмжлэл гаргасан билээ. “Pиo Tинтo” компанийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал дээр санал зөрөлдсөний улмаас арбитрын шүүхэд хандсан юм. “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрөгч нэгдүгээр сард “Pиo Tинтo” Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг өөрийн хувилбараар буюу “Оюутолгой” ХХК-ийг 2021 онд бонд гаргах боломжгүй болгох нөхцөлөөр одоогийн зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийхээр зэхэж байна байна гэх үндэслэлээр Арбитрын шүүхээс түр захирамж гаргуулах хүсэлт хүргүүлсэн.

Тэгвэл Арбитрын шүүх тус “Туркойз Хилл Ресурс” компанийн түр захирамж гаргуулах хүсэлтийг хүлээн авч, түр захирамж гарснаар Арбитрын шүүх маргааныг эцэслэн таслах хүртэл оролцогч талууд Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хэлэлцээр өрнүүлэх боломжгүй болж байгаа юм. Арбитрын шүүх ирэх гуравдугаар сарын 2-нд түр захирамжийг сунгах эсэх асуудлаар дахин хуралдах аж.

“Оюутолгой”-н бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Pиo Tинтo” компани зарласан. “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

“Pиo Tинтo”-ийн зүгээс далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт 1.45 тэрбум ам.долларын зардлын эх үүсвэрийн 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, үлдсэн хэсгийг Туркойз Хилл Ресурсын энгийн хувьцааг санал болгох байдлаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин “Туркойз Хилл Ресурс” болон тус компанийн бусад хувьцаа эзэмшигчид “Pиo Tинтo”-гийн хувьцаа арилжих хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, алтны урьдчилсан худалдаа хийх, дунд хугацаатай үнэт цаас гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзжээ. Ингэвэл “Туркойз Хилл Ресурс”-ийн бүрдүүлэх шаардлагатай гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн дүн буурна гэж тооцоолсон байна. Алт худалдах гэрээг “Оюутолгой”-н ил уурхайгаас гаргаж буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлах бол, үнэт цаасыг хамгийн багадаа 10 жилийн хугацаатай байхаар тооцоолсон юм.

Эх сурвалж: Turquoisehill.com, Reuters

Холбоотой мэдээ