Сар шинийн барилдаанд аварга, арслан зодоглохгүй

2021-02-03 409

Сүүлийн хэдэн өдөр сар шинийн барилдааныг тойрсон асуудлууд ард иргэдийг талцууллаа. Иргэдийн нэг хэсэг нь сар шинийн барилдааныг энэ жилдээ зохион байгуулах нь буруу гэж үзсэн бол бөхдөө хайртай нөгөө хэсэг нь өнгөрсөн жил өнжсөн юм чинь энэ жил зохион байгуулах нь зөв гэж үзэв. Монголын үндэсний бөхийн холбооноос ч УОК-т удаа дараа хүсэлтээ хүргүүлэн эцэст нь ирэх хоёрдугаар сарын 11-ний битүүний өдөр 128 бөхийн сар шинийн барилдаан зохион байгуулах зөвшөөрлөө авсан. Хэдийгээр сар шинийн барилдаан явагдах тов нь гарсан ч Монгол Улсын аварга, арслан цолтнууд зодоглох эсэх нь эргэлзээтэй байна.

Хамгийн сүүлд зохион байгуулагдсан 2019 оны шороон гахай жилийн сар шинийн барилдааны түрүү бөх улсын арслан Р.Пүрэвдагва допингийн шинжилгээнд бүдэрсний улмаас ирэх долдугаар сарын 1-н хүртэл барилдах эрхээ хасуулсан бол сар шинийн барилдаанд хараахан түрүүлж үзээгүй яваа Н.Батсуурь аварга мөн допингийн шинжилгээнд бүдэрч энэ удаагийн төмөр цагаан үхэр жилийн сар шинийн барилдааныг өнжиж байна. Харин сар шинийн барилдаанд цэргийн арслан, улсын заан, улсын аварга цолтойдоо түрүүлсэн гэх түүхэн амжилтын эзэн улсын аварга Ч.Санжаадамба энэ жилийн цар тахлын нөхцөл байдал болон бэлтгэл сургуулилт тааруу гэх шалтгаанаас болж барилдахгүйгээ мэдэгдэв. Тэгвэл Увс нутгийн хоёр аварга С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нараас барилдах эсэхийг нь тодруулахад шийдээгүй байна гэв. Мөн өнгөрөгч улсын их баяр наадмаас хойш заал танхимын барилдаанд зодоглоогүй байгаа улсын арслан Ц.Содномдорж зодоглох эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хэрэв хоёр аварга болон Ц.Содномдорж арслан барилдахгүй гэж шийдвэл өнөө цагт ид барилдаж буй аварга, арслан цолтнуудгүй сар шинийн барилдаан явагдах болоод байна.

Э.Оюунболд аваргын барилдах эрх нь сэргэсэн тул сар шинийн барилдаанд зодоглох эсэхээ өөрөө шийднэ.

Төрт ёсны уламжлалт сар шинийн барилдаан болох шийдвэр гарсантай холбогдуулан тус барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүдийн бүртгэл өнөөдөр /2021.02.03/ 15.00 цагт дуусгавар болно.

Ч.Санжаадамба аваргын хэлснээр улсын өндөр цолтой бөхчүүд оролцохгүй байсан ч залуу шинээр гарч ирж буй бөхчүүд олон байгаа тул 128 бөхийн тоо асуудалгүй гүйцнэ гэв. Мөн тэрбээр Монголын үндэсний бөхийн холбоо цагийг нь тулгаж, сар шинийн барилдааны тов гаргалаа хэмээн буруушааж, бөхчүүдэд бэлтгэл хийх боломж, цаг хугацаа олгосонгүй гэж ярилаа.

  • Аварга минь дээ. Барилдана гэдэг уг нь таны ажил юм . Бөхөөр та нэр алдарт хүрсэн Монголын ард түмний хайртай аварга болсон. Хамгийн олон дэмжигчтэй ч бсан. Одоо ч үгүйлэгдэхээ больж мартагдах тийшээ л яваад бнаа даа. Унасан ч давсан ч зодоглоод аварга цолныхоо утга учрыг мэдэрч явмаар бна шүү. 

  • Эд нар барилдана уу байна уу хэнд хамаатай юм.Магадгүй өндөр бай шагналтай байсан бол бүгд барилдана гэх байсан даа 

Холбоотой мэдээ