Биеийн эсэргүүцэл сайжруулах 5 арга

2021-02-01 81

Элдэв нян, халдвар, мөөгөнцрөөс хамгаалах хүний биеийн төрөлх чадварыг “дархлаа” гэж нэрлэдэг. Дархлааг сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн сайн хийх, зөв хооллох гэх мэт олон аргууд байдгаас бид энэ удаагийнхаа нийтлэлээр дархлааг сайжруулах 10 аргыг танилцуулах болно. Та элдэв өвчнөөс ангид байхын тулд бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулж, өдөр тутамдаа хэвшил болгоорой.

1. Пробиотик хүнс хэрэглэх

Дархлааны системийн 80% нь хоол боловсруулах замд байршдаг байна. Хүний ходоод гэдсэнд олон тэрбум ашигтай бактери байдаг бөгөөд тэдгээр нь хэрэггүй, болон хортой нян бактеритай тэмцэж байдаг. Харин эдгээр бактериудыг сайтар дэмжиж өгвөл, та элдэв өвчин, халдвар авах аюулаас ангижирна гэсэн. Эдгээрийг дэмждэг бичил биетнийг пробиотик гэдэг бөгөөд үүнийг сүү, сүүн бүтээгдэхүүн, кимчи гэх мэт бүтээгдэхүүнүүдээс авч болно. Өөрөөр хэлбэл сүүн бүтээгдэхүүн болон исгэсэн бүтээгдэхүүн сайн идэх нь дархлааны системийг дэмжээд зогсохгүй хоолны шингэцэд сайнаар нөлөөлөх болно.

 

2. Чанартай хоол идэж байх

Өдөр бүр чанартай хоолыг хангалттай хэмжээгээр идэж гэмээнэ цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх болно. Харин хоол тэжээлээс авах шим тэжээлийн хэмжээ багасаад ирэхээр дархлааны системд муугаар нөлөөлдөг байна. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд ямар ч хамаагүй юм идээд байж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаанд тустай нь амин дэм, антиоксидантаар баялаг хүнснүүд багтана. Тухайлбал, жимсгэнэ, брокколи, ногоон өнгөтэй хүнсний ногоо, цитрусын төрлийн жимс зэргүүдийг нэрлэж болно.

3. Хангалттай унтаж, амарч байх

Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусалдаг.

4.Глутамин

Хүний дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа нь глутамин хэмээх амин хүчлээс хамаарч байдаг. Глутамин нь уураг ихтэй хүнснүүдэд агуулагддаг бөгөөд хэрвээ та хоол тэжээлээсээ хангалттай хэмжээний уураг авч чадахгүй бол бие махбод тань глутаминыг нөхөхийн тулд булчингийн эдийг задалж авдаг. Глутаминыг авахын тулд үхэр, тахианы мах сайн идэж байх хэрэгтэй. Хэрвээ та спортоор хичээллэдэг бол Глутаминтай эм бэлдмэлийг дасгалжуулагчтайгаа зөвлөж байгаад хэрэглэх нь зүйтэй.

5. Д витамин

Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем муудсанаас бие суларч, амархан өвчин тусдаг байна. Д витамины өдрийн хэрэглээгээ авахын тулд та нүүр, гараа 20 минут наранд гаргахад л хангалттай. Түүнчлэн малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс авч болдог.

Холбоотой мэдээ