АРХИВ : Д.Ганхуяг: Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна

2020-12-15 234

Д.Ганхуяг: Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг охиныхоо талаар болон гэр бүлдээ тохиолдсон явдлын талаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч МӨНГӨНДАЛАЙ 2018 онд ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Танай охины хийсэн бичлэг сүүлийн хэд хо­ног шуу­гиул­лаа. Арваннэгдү­гээр сарын 30-нд анх тавиг­даад төд удалгүй устчихсан байсан. Энэ бичлэгийг хэзээ хийсэн юм бол?

-Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Тэгээдустгасан байсан, дахиад гараад ирлээ л дээ. Америкт хүний эрхийн чиглэлээр сурдаг нэг эмэгтэй “Энийг зүгээр орхиж болохгүй асуудал байна” гээд хадгалаад авчихсан юм билээ. Тэгээд л фэйсбүүк дээрээ тавьсанбайсан.

-Тэр эмэгтэйг та нар таних уу?

-Үгүй ээ, нийтэд цацсанаас нь хойш тэр эмэгтэйтэй миний хань чатаар холбогдсон.

-Танай охин тэр бичлэгийг хэн нэгэнтэй зөвлөж хийсэн үү? Өмгөөлөгч болон аав, ээжтэйгээ зөвлөсөн гэж ярьсан байна лээ.

-Бидэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй ээ. Тухайн үед сэтгэл санааны хувьдасар хүнд,хямралд орчихсон байсан юм билээ. Эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн асуудлыг өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн тэр live-аас мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна.

Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад л тэр бичлэгийг хийсэн юм билээ. Бид тэр бичлэгийголон удаа үзэж чадахгүй юм байна. Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан. Бидэнд ийм хүнд тусч байхад охинд минь ямар байсан нь ойлгомжтой шүү дээ. Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан болгэдгийг бодохоор л нулимс гараад байна.Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн. Одоо бие нь их тааруу байгаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа.

-Энэ удаан хугацаанд яагаад аав ээждээ хэлээгүй юм бол?

-Нуучихсан байж. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ. Сурах мэдэхийн их тэмүүлэлтэй.

-Хувцас загварын шоу хийгээд байсан охин мөн биз дээ?

-Мөн мөн. Ер нь их авьяастай, зүтгэлтэй хүүхэд. Сургуулийнхаа аварга сурагч болж, англи хэл, математикийн олимпиадаас медалиуд авдаг, сурлага сайтай хүүхэд. Өчигдөр би охинтойгоо жаахан ярилаа л даа. Хүн юм чинь тэр хүүхдүүдийг надаас уучлалт гуйчих болов уу гэж бодсон гэж хэлж байна лээ.

-Охин чинь бичлэгийн үеэр маш ноцтой зүйлүүд ярьсан. Олны танил хүмүүсийн хүүхдүүд хүчирхийлэл, хар тамхи, танхайн гэмт хэрэг үйлдсэн талаар ноцтой зүйлс ярьсан.

-Би бол заримыг нь дам сонссон болов уу гэж бодож байна.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа.

-Бичлэг анх арваннэг­дүгээр сарын 30-нд цацаг­дахад “Сүхбаатар дүүргийн шүүх дээр ирээрэй, анхан шатны шүүх хурал болно” гэж охин тань хэлж байсан. Тэгэхээр хууль хяналтын байгууллагад энэнээс өмнө хандчихсан байжээ дээ?

-Сая тэр бичлэгийг үзсэний дараа л бид хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд нөгөө хүүхдүүдийг айлгах гэж тэгж хэлсэн юм билээ.

-Танай охин өөрөөсөө гадна дүүгээ бас хүчирхийлэлд өртсөн гэж хэлж байсан. Энэ үнэн үү?

-Тэр охин манай хамаатныхүүхэд. Хуулийнхан шалгаж эцсийн хариуг хэлэх байх. Төрсөн дүү нь биш. Багаасаа ойрхон өссөн. Тэр дүүтэйгээ дотно найзалдаг.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хүү, охин хоёртой. Охин маань бага нь.

-Тэр бичлэгт дурдагдсан бизнес,улс төрийн хүрээний хүмүүсийн хүүхдүүдийг таны охин таньдаг байсан уу?

-Мэдэхгүй юм даа.

-Нэг сургуульд суралцдаг юм уу?

-Ерөнхийдөө охин маань олон найз нөхөдтэй, ангийн найзууд гээд байна л даа. Орчлон, Сант сургуульд гээд сурч байсан найзууд байдаг.

-Гадаадад сурч байсан уу?

-Америкт “Нью-Йорк таймс”-ын 21 хоногийн курст шалгалт өгч тэнцээд явж байсан. Өнгөрсөн зун явчихаад ирсэн.

-Энэ хугацаанд болсон явдлыг дотроо хадгалаад л яваад байсан хэрэг үү?

-Бидэнд хэлээгүй болохоос ангийн хүүхдүүд, зарим найз нь мэдэж байсан юм байна.

-Охины тань яриа нийтэд цацагдсанаас хойш, бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийн хүүхдүүд болон ар гэр, эцэг эх нь холбогдсон уу?

-Янз янзын утас их орж ирж байгаа. Тэр болгоныг авахгүй байгаа. Таньдаг найз нөхдийнхөө дугаарыг хараад л авч байна. Тусалъя гэсэн хүмүүс бас их ярьж байна. Найз нөхөд маань санаа тавиад ярьж байна.

-Таны хувьд дараагийн алхам юу байх вэ?

-Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна. Сайхан аав ээжийн буянд би Японд сурсан л даа. Тэнд хүний эрхийн асуудал өсвөр насны хүүхдийн эрхийн асуудал чухалд тавигддаг. Манай төр засаг ч хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд Хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ тэр оруулж ирэхэд би их дэмжиж байсан. Зовлон хүнийг ялгах биш дээ. Өөрт ирсэн зовлонг үүрээд л гарна. Гэхдээ бусад айлын охидод ч энэ болсон явдал сургамж болооосой гэж бодох юм. Бусад айлын охидод ийм юм бүү тохиолдоосой гэж бодож байна. Цаашдаа би хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон. Хоёр жил үүнийгээ сэтгэлдээ тээж зовж явж. Ийм юмбүү давтагдаасай гэждахин, дахин хэлмээр байна.

-Танай охины нүүр номондоо оруулсан постыг өчигдөр нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. “Аав минь намайг зодож, цагдаад хандахад цагдаа аавын талд орж намайг буруутгасан, гэсэн утгатай. Ийм юм болсон юм уу?

-Энэ явдал охин минь бичлэг хийхээс өмнө болсон юм. Нэг удаа оройтоод ороод ирэхээр нь өөрийнх нь ноосон өмдөөр ороолгоод авсан. “Чи аав, ээжийгээ зовоогоод байж болохгүй. Дараа ингэвэл өмдний тэлээгээр ороолгоно шүү”гэж хэлсэн.

-Тэгэхээр тэр постыг танай охин өөрөө бичсэн байх нь ээ?

-Өөрөө л тэр тухай бичиж дээ гэж би ойлгосон. Орчин үеийн хүүхдүүд чинь загнаж зэмлэхээр эсэргүүцэж цагдаа дуудчихаж байна. Цагдаа ирээд “Оройтсон нь чиний буруу” гэж хэлээд явчихсан. Ийм л юм болсон. Тэгсэн чинь охин өглөө уцаарлаад л байсан.

-Танай охин тэр бичлэгтээ сурдаг сургуулиа хэд хэдэн янзаар хэлсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-СЭЗДС-д шалгалт өгөөд тэнцээд орсон. Нэгдүгээр курсын оюутан л даа. “Google-ын Япон дахь салбарт тест өгөөд цалинтай ажиллах хариу ирсэн” гээд надад үзүүлж л байсан.

-Англид сурч байсан юм уу?

-Зуны амралтаар Англид хэлийг нь сайжруулах гэж явуулж байсан.

-Танай намын найз нөхөд, олны танил хүмүүсийн хүүхдийн нэрс ч охины тань бичлэгт байсан. Тэд танд болон охинд чиньөргөдөл гомдлоо татаж аваач, нам, найз нөхдөө бодооч гээд ярих вий дээ…

-Хэрэг үйлдсэн хүмүүс өөрийгөө буруутай гэж хэлэх нь ховор юм шиг байна шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүс миний охины үеийн л хүүхдүүд байна лээ. Гэвч хэний ч хүүхэд бай ийм хэрэг хийлээ гээд өрөвдөж өөгшүүлж болохгүй. Би үнэн мөнийг нь олно л гэж хэлнэ. Хүчирхийллийн хэрэг. Тодорхой баримтууд байгаа. Тэднийг би уучлалт гуйгаасай гэж хүсч байна.

-Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс тэр бүр буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Уучлалт гуйлаа гээд та уучлахгүй биз дээ.

-Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.

-Өмнө нь устгачихсан бичлэг дахин цацагдсаныг хүмүүс Хурцыг томилох асуудлыг Их хурлаар хэлэлцэж байгааг шуугиулахгүй,анхаарлыг өөр тийш хандуулсан оролдлого гэж хардаад байсан…

-Тэрийг бол мэдэхгүй. Нэг талд нь томилохоор хэлэлцээд ч байх шиг, нөгөө талд нь сонсгол болоод ч байх шиг. Ямар ч байсан тэр үеэр охины минь асуудал зэрэгцээ явчихлаа. Цаг хугацаа тэгж таарсан болов уу даа,

-Охины тань уух юманд мансуурах төрлийн бодис хийсэн гээд байсан…

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Анх энийг сонсоод үнэхээр шоконд орсон. Сая охины бие тааруу сэтгэл нь их хямарсан учраас охиндоо лих анхаарал хандууллаа.

-Бичлэг нэлээд олон сайтаар явж байснаа уст­чих­сан. Та нар хандаад устгуул­чихав уу, эсвэл хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг эх устгуулчихав уу?

-Бидний зүгээс бичлэгийг устгуулахаар хэнд ч хандаагүй. Гэхдээ тэрийг хараад байх нь сэтгэлд зүйд үнэхээр хэцүү байна.

-“Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хан­даж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гэж та жиргэсэн.

-Тэсэхэээ байгаад ямар нэг үг хэлье гээд л жиргэсэн.

Охин минь, манай гэр бүл сүүлийн үед асар хүнд өдрүүдийг өнгөрүүлж байна даа. Их хэцүү байна. Гэхдээ тэсч гарна даа.

-Үйл явдал хоёр жилийн өмнө болсон болохоор хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байх болов уу. Хэрэг хийсэн хүмүүс гэмгүй өнгөрөх боломж болчих вий….

-Баримт, гэрч байгаа. Үнэн мөнийг тогтоохын төлөө би эцсээ хүртэл явна. Олон хүнд ийм юм бүү тохиолдоосой. Ийм байдалд орсон хүмүүс байгаа бол сэрэмжлүүлэг болоосой.Охид, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн асуудал, хүний эрхийн асуудалд үлдсэн насаа зориулна гэж би бодож байна.

-Архи дарс уухыг та бүхэн зөвшөөрсөн юм уу. Таны охин тэгж ярьсан байна лээ?

-Юу гэж тийм юм байхав. Алкоголгүй вино уухыг ээж нь зөвшөөрсөн гэсэн.

-Танд өөрхэлж ярих зүйл байна уу?

-Миний охиныг, манай гэр бүлийг сэтгэл санаагаар дэмжиж, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалд дэмжин хамгаалж байгаа шударга ёсны төлөө тэмцэгч, сайхан сэтгэлт элэг нэгт монгол хүмүүс, олон сайхан найз нөхөд, байгууллага, хүний эрхийн чиглэлийн болон бусад ТББ-ууд, төрийн холбогдох хууль хяналтын байгууллагын ажилтнууд та бүхэндталархаж байгаагаа илэрхийлэх байна.

Харин нэг зүйлд анхаарах хэрэгтэй байна.Тэр нь facebook энэ тэр дээр ямар ч хамааралгүй хүмүүсийн зургийг манай гэр бүлийн зурагтай хамт оруулж постлохявдал гарч байна. Үүнд ухаант хүмүүс минь анхаарч холбоогүй, хамааралгүй хүмүүсийг хохироохгүй байхыг олон түмэнд анхааруулах байна.

Өмнөд солонгосчууд бидэнд ардчиллын хичээл зааж байна
МӨНГӨНДАЛАЙ 2016.12.12
Өмнөд солонгосчууд асар сонор соргог юм. Дээр нь шүүх, прокурор нь хэний ч хараат биш нь мэдэгдэж байна.

Өмнөд солонгосчууд асар сонор соргог юм. Дээр нь шүүх, прокурор нь хэний ч хараат биш нь мэдэгдэж байна. Монголчууд бид харин Монголынхоо улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд яаж тэмцэж байгааг, тэр тэмцэлдээн нь том төслүүдийг хэрхэн зогсоож байгааг, тэрнээс нь болж бид улс орноороо дампуурч, яаж ядуурч байгаагаа хонь шиг хараад л сууж байдаг. Монголд бүлэглэлүүд Таван толгой, V цахилгаан станц, Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Таван толгойн цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр барихыг бүгдийг зогсоолоо, уул, уурхай, дэд бүтцийн салбарын хамаг л төсөл төлөвлөгөө, ажил хэргийг гацаалаа. Дэлхийн зах зээлд Монголын нүүрс үнэгүйдсэн нь энэ бүлэглэлүүдийн талцал, хэн нь их, бага идэх үү гэсэн “зодооноос” л болсон. Эдийн засаг ингэтлээ дорд орж, хөрөнгө оруулагчид итгэхээ байж нүүр буруулсан нь ч тэдний л талцлын үр дүнгийнх. Бүлэглэлүүдийн улс орноороо наадсан энэ зодоон олон жил үргэлжилж, сүүлдээ тэр нам, энэ намынх гэлтгүй, хоорондоо эвцэлдэж, бүлэглэлээрээ талцан маргаж, томоохон шийдвэрүүдэд нөлөөлөх болсон. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувь хүрч, жилийн дараа хорин хувьд хүрнэ гэж маадайж байсан үе бий. Ингээд л доройтож эхэлсэн дээ. Яахав, тухайн цаг үед хятадуудтай том гэрээ хийсэн Австралийн нүүрсний уурхай усанд автсан нь энэ өсөлтөд нөлөөлсөн. Мөн Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтыг манайхан дөрвөн тэрбумаар тооцож байсан ч зургаан тэрбумаар орж ирсэн зэрэг ч нөлөөлсөн. Бодит өсөлт биш ч, азаар өссөн. Гэхдээ л өссөн үү, өссөн. Өнөөдрийнхөөс өөр байсан. 2016 оны байдлаар эдийн засаг унаж, Монголын эдийн засагт гол өсөлт болж байсан, уул уурхайгаа таг зогсоож санаа нь амарлаа. Нүүрсийн үнэд тээврийн зардал маш чухал. Тиймээс ч Монголын компаниудын нэгдэл “Энержи ресурс” Германы том банктай хамтарч нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөхөөс өмнө нарийн царигтай төмөр зам тавихаар болоход өөр нэг бүлэглэл нь өргөн цариг яриад эхэлсэн. Ингээд л нэг хэсэг юм болов. Тэгж байтал Засгийн газар М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж төмөр замын асуудлыг урагшлуулах гэж үзээд УИХ нь гацаав. Мэдээж өнөөх л бүлэглэлүүдийн хийсэн ажил. Одоо Хятадын жижиг боомтууд татвар нэмснээр манай өнөөх зах зээлээс доогуур үнэтэй гарч байсан бүтээгдэхүүн бүр ч ашиггүй болох нь тэр. Энэ татварын нэмэлтийн талаар Далай ламыг Монголд ирүүлсэнтэй холбон тайлбарлаж байгаа ч угтаа бол түүнийг ирэхээс өмнө яригдаж байсан юм билээ. Харин Далай ламыг Монголд ирснээр яригдаж байсан асуудал шууд ажил хэрэг болчихлоо. Мэдээж Хятадын орон нутгийн жижиг дарга нар дээрээсээ зааваргүйгээр шууд шийдчихдэг юм биш л дээ. Нүүрсэн дээр нэмэх Оюу толгойн зэс ч зардал өндөр учраас хэсэг хугацаанд экспортоо зогсоолоо. Өнөөдөр эдийн засаг хасах руугаа орох гээд байж байна. Ерөнхий сайд нэлээд өөдрөгөөр эдийн засгийн өсөлтөө 3-7 хувьтайгаар хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан байна лээ. Энэ төлөвлөгөө хэрэгжихэд “Стэндбай”-ийн хэдэн төгрөг манайд юу ч болохгүй гэдгийг Олон улсын валютын сангийнхан анхааруулсан. Тэгэхээр Засгийн газрын энэ тооцоолол бол одоогоор бодит биш. Тиймээс Япон, Хятадаас хөнгөлөлттэй зээлээ шаргуу хөөцөлдөх шаардлагатайг олон улсын экспертүүд анхааруулсан. “Стэнд бай”-ийн мөнгө ч яахав захиран зарцуулахыг ОУВС мэднэ. Харин хөнгөлөлттэй зээлийн мөнгийг мөн л орж ирлээ гэхэд булаацалдаж, улсаараа тоглох вий гэж учир мэдэх хүмүүс эмээж байна.

Дотооддоо ийм болохоор гадныханд амархан зууш харагддаг биз дээ, бид. Улстөрчид ханаж цадахаа мэдэхгүй, ард түмэн нь номхон хүлцэнгүй. Хоёр хөршийн захиалгаар Монголын улс төрийн нөхцөл байдлыг өөрсдөдөө ойртуулах, өөрсдөдөө тааруулах, ижил байлгах зорилготой захиалгын төр засаг, парламенттай боллоо. Цаашдаа Монголын төр засгийг хоёр, гуравхан хүн халаа сэлгээгүй ээлжлэн барьж байх шинж бүрдэж байна. Энэ бүгдэд бид дуугүй л сууж байна. Өнөөх л хонь шиг номхон хэвээрээ. ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг дипломатч Монголын од дуучинг зодож, гарын чилээгээ гаргаж байхад бид захиалгын юмыг нь бичиж, “Манай дуучин “Хай Гитлер” гэж хэлж Оросын дургүйг хүргэлээ” гээд сууж байдаг. Цагдаа хүчнийхэн нь ч нутаг нэгтнийг нь гадаад хүн зодож байхад нөгөө хүнийг нь шалгаж байцаасан ч үгүй. Мэдээлэл авах гэхээр “Шалгаж байгаа, одоогоор нийтэд зарлах боломжгүй, хоёр улсын харилцаа” гэсэн юм яриад ам таглана.

Эрх мэдэлтнүүд нь ард түмнийг мухар сүсэг, бөөгийн ёсоор удирдаж, улс орны хувь заяаг тэнгэрт даатгаад л сууж байдаг. Үүнд нь ч ард түмэн итгэж, уухайлав. Төрийн томчууд, улстөрчдийнх нь ард лам, бөө, хараалч, ерөөлч, илэрхий сууж байдаг. “Тэр дарга надаас ирж асуудаг, үзүүлдэг, мэргэлүүлдэг” гээд өнөөдүүл нь бахдалтайгаар нийтэд зарлаж байна. Ингэж араа даатгадаг бөө, лам, мэргэч төлгөчийнхөө үгээр төр засгийн ажлыг явуулж, тусгаар тогтнол нь хэврэгших явцыг илэрхий явуулсаар байхад бид таг дүлий, таг сохор юм шиг хүлцэнгүй байсаар цаад наадахыг мэдэхгүй гэнэн томоогүй хүүхэд шиг учрыг нь ухаж ойлгохгүй, нягталж бодох ч үгүй хувь заяандаа найдсаар ирлээ. Тэгэхэд өмнөд солонгосчуудыг хар. Тэдний яаж тэмцэж байгааг бид харлаа. Нэг удгантай найзалсных нь төлөө, тэр удганаар хэлэх үгээ уншуулсных нь төлөө мухар сүсгээр төр засгаа удирдуулахгүй гэж ямар айхтар тэмцэж байна. Хэдэн саяараа гудамжиндаа гараад тэмцлээ. Хот болгон нь энэ тэмцлийг уухайлан түрэв. Авлигыг яаж эсэргүүцэж байна. Тэд нийтийн эрх ашгийн төлөө, өөрсдийнхөө сайн сайхны төлөө ямар сонор соргог байна. Солонгосчууд өндөр албан тушаалтнууд бидний төлөө ажиллах ёстой, тэр хэрээрээ хариуцлага үүрэх ёстой гэж үздэг. Тиймдээ ч буруу хэрэг хийсэн гэж үзвэл хариуцлага тооцож, нэгдэж жагсаж, хэдэн саяараа эсэргүүцсээр Ерөнхийлөгч Пак Гын Хэг толгой бөхийж уучлалт гуйлгаж, парламентаар хэлэлцэхэд хүргэлээ. Манайхан сонгохоосоо эхлээд л “Энэ идэж уух гэж гарч байна” гэж хэлсээр байгаад л сонгочихдог. Яг тэр хэлснээр нь болдог. Жагсахаараа өөрсдийн хүслээр биш хэн нэгний даалгавраар жагсдаг болохоор төд удалгүй зорилгоосоо няцаж, үр дүн нь ч гардаггүй. Монголд ардчиллын төлөөх жагсаал л үр дүнд хүрснээс тэрнээс хойшхыг нь бол хэн ч мэдэхгүй. Жагслаа л гэдэг, болилоо л гэж байдаг. Манай цагдаа, хүчнийхэн төрийн ордонг, эрх баригчдыг жагсаж тэмцэж байгаа иргэдээсээ хамгаалдаг бол Солонгост жагсагчдыг гадны нөлөөнөөс хамгаалж цагдаа нар нь хамт байж байх жишээний. Солонгост сая өрнөсөн тэмцэл маш эмх цэгцтэй, тууштай, зохион байгуулалт сайтай байв. Энэ жагсаал эв нэгдэл, эмх цэгц, зохион байгуулалттай төдийгүй төрийн бус байгууллагууд, холбоод, иргэд нь хэрхэн нэгдэж, прокурор, хуулийн байгууллага нь яаж хараат бус ажиллаж болдгийг харууллаа. Прокурорын байгууллага нь Ерөнхийлөгчөө ордноос гаргахгүй ёс зүйн шаардлага тавьж, хэвлэл мэдээлэл нь эрх мэдэлтний заавраар биш хараат бусаар ажиллаж, иргэд нь зорилго нэгтэй тэмцэж, тэр ч байтугай жагсаж цугласны дараа сайн дураараа хогоо цэвэрлэж байсан. Пак Гын Хэг Ерөнхийлөгч болоход дэмжиж саналаа өгсөн хүмүүс хүртэл ард түмнээсээ уучлал гуйж байна. “Бид буруу хүнийг сонгож, биднийг уучлаарай” гэсэн зурагт хуудас барьсан байв. Бид үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх хамгийн боломжтой зам ардчиллыг сонгосон хэрнээ яаж хэрэгжүүлсэн юм бэ. Өмнөд солонгосчууд бидэнд саяын тэмцлээрээ ардчиллын хичээл зааж байна. Тэмцэж чаддаг ард түмэн ардчиллаа ингэж бэхжүүлж, ингэж хамгаалдаг юм байна.

Дэлхийн улс орнууд од гаригсын нууцыг нээж, тэнд амьдрал хайж, амьдрал бий болгохоор хөдөлмөрлөж, ангараг дээр хөрс шинжилдэг техник буулгаж байна. Хүн төрөлхтөн дэлхий гэдэг гаригаасаа хальж сэтгэж байхад хувь заяагаа бурханд даатган сумны үзүүрт захиа бичин харваж буй төр засгийнхнаа хараад өнөөх харвасан сум нь бурханд хүрнэ, бурхан тэр захиаг уншаад бидний хүслийг гүйцээнэ гэж үнэмшин, тэнгэрт залбирч суугаа нь хэтэрхий мунхаг харанхуй биш үү. Хэн биднийг ийм болгох гээд байна. Зарим хүн тэнгэрт сум тавихыг ёс заншил төдий зүйл гэж бодох ч ихэнх нь бурханд хүрнэ гэдэгт найдаад сууж байна. Биднийг ийм тэнэг мангар байлгах гээд байна. Байлгаад ч байна. Тэгэхэд бурхны шашны тэргүүн Далай лам сая Монгол ирээд “Хэрвээ та нар намайг хүндэлдэг бол шинжлэх ухаанч бурхны сургаалтан байгаасай гэж хүсч байна. Шинжлэх ухаанаа судал” гэж хэлж байх юм. Их сэтгэгч Баабар “Пак Гын Хэгийн талаар солонгосчуудтай маргав. “Манай Ерөнхийлөгч бөөгөөс зөвлөгөө авдаг. Харин танайд бүр бөөг сайд болгодог” гэж ам таглав” гэсэн байна лээ. Үүнийгээ солонгосчуудад мад тавиуллаа гэж тодотгосон.

Монголчууд бид тэнгэр бурхны тусламжид найдан, улс төрчдөөрөө улс орноо тоглуулж, хувь заяагаа даатгаад мунхгийн их далайд живж суух зуур Далай лам бурхны шашны тэргүүн хэрнээ шинжлэх ухаан судлахыг бидэнд захиад мад тавилаа.

Холбоотой мэдээ