“Дампуурах” эрсдэлтэй ах дүүгийн банк НДС-ийн 116 тэрбумыг төлөхгүй ЗАЛГИХАД бэлэн байна

2021-07-19 25

Банк дампуурахдаа “улсын мөнгийг залгидаг” моод маягийн юм дэлгэрэх нь. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн дампууруулсан “Капитал” банк нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн билээ. Эцэст нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур 2.6 жилийн ял авсанч төд удалгүй суллагдаж, татвар төлөгчид өөрсдийн мөнгөө өөрсдийн халааснаас төлөхөөр болоод дууссан гашуун түүх бидэнд бий.

Тэгвэл одоо дахин нийгмийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 314.7 тэрбум төгрөг эрсдэлд орж, салхинд хийсэхэд хүрээд байна. Тодруулбал, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд байршсан 116.2 тэрбум, “Чингис хаан” банканд байршсан 198.5 тэрбум төгрөг тус тус эрсдэлд оржээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Асашёрюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумьяабазар нар хамгийн их хувь эзэмшдэг эзэд нь гэдгийг олон нийт мэднэ.

Тус банк нь анх 2002 онд ОХУ-ын “Менател Санкт-Петербург” АХН банкны Монгол дахь салбар болж байгуулагдаж байж. Улмаар 2006 онд Монголбанкны 327 тоот тушаалаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк болсон юм байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг шүүж үзэхэд: 2693771 регистрийн дугаартай тус банк нь 2005 оны арваннэгдүгээр сарын 30-нд үүсгэн байгуулагдсан хэмээн бүртгэжээ. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Ч.Маралмаа, Б.Баярсайхан, “UB DIVERSIFIED” LLC гэх таван хувь эзэмшигчийн нэр бүртгэлтэй байна. Анх 2016 онд Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нарын нэр бүртгэлтэй байсан бол 2019 онд үлдсэн гурав нь хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлжээ. Харин банкны Гүйцэтгэх захирлаар Жалцангийн Цэдэнрагчааг 2020 оны тавдугаар сарын 29-нд бүртгэсэн байна.

-“ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”-НЫ ХАМГИЙН ТОМ ХУВЬ ЭЗЭМШИГЧ НЬ Д.ДАГВАДОРЖ, Д.СУМЪЯАБАЗАР АХ ДҮҮС-

Өдгөө “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны 56.9 хувийг Асашёрюү Д.Дагвадорж, 15.9 хувийг түүний төрсөн ах Д.Сумъяабазар, 15.9, Б.Баярсайхан, 5.3 хувийг Ч.Маралмаа, 5.7 хувийг Японы хөрөнгө оруулалттай “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг.

Д.Сумъяабазартай ижил 15.9 хувийн хувьцаа эзэмшдэг Б.Баярсайханы хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Үндэсний хөгжлийн газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх том албан тушаал хашдаг. Тус банкны 5.3 хувийг эзэмшдэг Ч.Маралмаа нь Д.Сумъяабазарын хадам эгч. Өөрөөр хэлбэл, түүний эхнэр Ч.Мичидмаагийн эгч юм. Харин 5.7 хувь эзэмшдэг Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC компани нь дөрвөн япон иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг аж.

-ЭЗЭД НЬ ӨӨРСДИЙН БАНКНЫХАА ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД-

Улсын байгууллагуудын их хэмжээний мөнгийг хадгалж байсан тус банкны гол чанаргүй зээлдэгчид нь эзэд нь өөрсдөө. Тухайлбал, банкны хамгийн том хувь эзэмшигч болох Асашёрюү Д.Дагвадорж 12 тэрбум, хоёр дахь том хувь эзэмшигч Д.Сумъяабазар найман тэрбум, Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Тэд нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан гэсэн үг.

Энэ мэтчилэн эзэд нь өөрсдөдөө болон УИХ-ын нэр бүхий гишүүд, бизнесийн томчуудад эргэн төлөлтгүй, хүүгүй, чанаргүй зээл хэлбэрээр “тараагаад” дуусдаг. Улмаар актив буюу эргэлтийн хөрөнгөгүй болж, улсын мөнгийг гаргаж өгч чадахгүйгээс банкийг “дампууруулах” шатанд аваачиж буй.

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг Үндэсний зөвлөлүүд нь хүүгийн орлого олох зорилгоор байршуулдаг гэгддэг. Гэвч сонгуулиар өөр зорилготой зээл болон гадагшлуулж, төрийн мөнгө салхинд хийсдэг жишиг тогтох гэж буй нь нууц биш.

-ЦАР ТАХЛААС ӨМНӨХ ҮЕИЙН ТАТВАРАА Ч ТӨЛӨӨГҮЙӨРТЭЙ

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө татвараа төлөөгүй, өртэй томоохон ААН-үүдийн дансыг хааж байгаагаа ТЕГ-аас зарласан. Өртэй ААН-үүд дунд эл банкны нэр ч багтсан байдаг. Татвар төлөгчдийн буюу төрийн мөнгийг хадгалсан ах дүү хоёрын банк цар тахлаас өмнө буюу 2017, 2018, 2019 онуудын татварын өрөө төлөөгүй ААН-ийн нэг.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТ НУУЦЛАГДМАЛ-

Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал, хувьцаа эзэмшигчид, нягтлан зэрэг удирдах шатны хүмүүсийг АТГ тэргүүтэй холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэж мэдээлэгдсэн ч өдгөө сураггүй. Шалгалт аль шатандаа явааг мэдээллэхгүй ихэд нууцалж байгаа.

ТӨГСГӨЛД: Улстөрчид, бизнесийн акулууд үгсэн хуйвалдах замаар банк дампууруулж, тэнд байршиж байсан мөнгийг зээл нэрээр дээрэмдсэн тохиолдол ХЭДЭНТЭЭ гарч байсан. Капитал банкны араас дампуурлаа зарлах банкаар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” болон “Чингис хаан” банк нэрлэгдээд удаж байна. Өнгөрсөн наймдугаар сард Үндэсний аудитын газрын орлогч О.Тэнгис байнгын хороонд мэдээлэл хийх үеэрээ хоёр банк эрсдэлтэй байгааг анх мэдээлж байсан. Эрсдэлтэй хоёр банкны нэр зарлагдаад удаж байгаа ч тэнд улсын мөнгө одоо хэр нь байршсаар. Төр мөнгөө татна гэж дуугарахгүй байгаа нь татаж авахаас хэдийн өнгөрсөнтэй ч холбоотой юу. Ямартай ч холбогдох яамдууд, Үндэсний зөвлөлүүд болон Үндэсний аудитын газар уг ноцтой зөрчлийн талаар ам нээх нь битгий хэл таг чиг байгаа нь өөрөө эргэлзээ төрүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ   EGUUR.MN

Холбоотой мэдээ