Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр /2023.03.29/ хуралдаж, тус дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулахаар болсон тогтоолыг Нийслэлийн Засаг даргад өргөн барихаар боллоо.
Ө.Сумъяабаатарыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан удаа дараа хууль бус үйлдлүүд гаргасан гэх асуудлыг дүүргийн ард иргэдийг төлөөлж хуралд сонгогдсон төлөөлөгчид өнгөрсөн жилээс эхлэн гаргасаар байгаа юм. Эргэн сануулбал, 2022 онд Ө.Сумъяабаатарын асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэж, огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байдаг. Гэвч тэрбээр үргэлжлүүлэн ажлаа хийсээр өнөө хүрсэн юм.
Ө.Сумъяабаатарын хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдсоор байхад одоог хүртэл албан тушаалдаа суусаар байгаа нь зохисгүй гэдэг талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хэлж байлаа.
Уг нь Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйлд Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Түүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус үйлдлүүд хийснээс дурдвал: Ө.Сумъяабаатар нь 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Б/40 тоот тушаалаар Арабын Нэгдсэн Эмират Улс руу нэр бүхий хүмүүсийг албан томилолт нэрийдлээр аялуулах тушаал гаргасан. Уг албан тоотод Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол Агропарк ТӨҮГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гаргасан байдаг.
Мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд “Багш нарын зөвлөгөөн нэрээр зардал гаргаж модон эдлэл, цаасан уут авсан. Томилолтын удирдамж, тайлан бусад холбогдох анхан шатны баримтын бүрдэл дутуу баримтаар байгууллагын ажилчдыг гадаад явуулсан…” зэрэг зөрчил гаргаж байсан талтай.
Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дотны найз гэх мэдээлэл бий. Дүүргийн Засаг даргын ажлаа авснаас хойш хороодын Засаг дарга нараа ч толгой дарааллан халж, сольсон. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Цар тахлын үед 25 хорооны даргыг ажлаас нь халж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Ө.Сумъяабаатарын энэхүү хууль бус үйлдэлтэй холбогдуулан арга хэмжээ авахыг хүссэн шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүллээ” хэмээж байсан.
Энэ бүхнээс харахад Д.Сумъяабаатар нь нэлээн том ар талтай бололтой.
0 cэтгэгдэлтэй