М.ДАГВА: САЛХИТЫН УУРХАЙН ХААЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИШИГ ТӨСЛӨӨС ОЛЖ АВСАН БАГУУДЫН ТУРШЛАГА САЛБАРТ ҮНЭ ЦЭНЭТЭЙ МЭДЛЭГ БОЛЖ ҮЛДЭНЭ

untsugmn 2023-12-1

QMС компанийн захирал М.Дагватай ярилцлаа.

– Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн I үе шатанд Та зөвлөхөөр ажилласан. Энэ төсөлтэй анх хэрхэн холбогдсон бэ?

– Уул уурхайн төсөл бүрийн эхлэх, өрнөх, дуусах бүх үе шатаа бүрэн харж, тухай бүрд тулгарах асуудлуудаа бүрэн шийдвэрлэж чаддаг байх нь уул уурхайн салбарт итгэх олон нийт болон улстөрчдийн итгэлийг нэмэгдүүлж, улмаар Монгол улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжилд нөлөөлөх тул уурхайн хаалтын асуудал бидний хувьд байнга анхаарлын төвд байж ирсэн.

– 2021 оны зургаадугаар сард QMC компани олон улсын уурхайн хаалтын 14 дэх удаагийн хурлыг зохион байгуулахаар ажиллаж байх үед MERIT төслийн хамт олон бидэнтэй холбогдож, Салхитын уурхай дээр хэрэгжих төслийн талаар танилцуулж, уурхайн хаалтын чиглэлээр манай чадавхи, туршлагатай холбоотой мэдээллүүдийг авсан юм. Олон улсын хуралд MERIT төслийнхөн, Канад зөвлөхөөр ажиллах CPP Environmental компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компаний төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. 2020 оны үед QMC Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалга, Канадын SESMIM төслийн дэмжлэгтэйгээр Уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах зааварчилга дээр ажилласан байсан. Эдгээр хүчин зүйлсийг харгалзсан байх, MERIT Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах ажилд үндэсний зөвлөхөөр биднийг урьж ажиллуулсан.

– Зөвлөхийн зүгээс ямар ажлуудад анхаарлаа хандуулж ажилласан бэ?

– Төслийн нэгдүгээр шатанд уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулахад ашиглах суурь мэдээллүүдийг бэлтгэх, бүх оролцогч болон сонирхогч талууд хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах платформ бий болгоход голлон төвлөрсөн. QMC компанийн хувьд уурхайн хаалттай холбоотой эрхзүйн орчны шинжилгээ, байгаль орчны төлөв байдлын судалгаан дээр ажилласан юм.

– Монголын уул уурхайн салбарт шинээр бий болж буй зүйл дээр шинэ жишиг тогтоох зорилгоор ажиллаж байгаа гэдэг утгаараа төслийн нэгдүгээр шатанд оролцсон бүх оролцогчид хичээж ажилласныг дурдахад таатай байна. MERIT төслийн зүгээс төслийн явцыг алхам тутамд нь олон нийтэд төрөл бүрийн сувгаар хүргэхийг зорьж ажилласан. Үүнд үндэсний зөвлөхийн хувьд бид хялбаршуулсан контентууд бэлтгэх, хэлэлцүүлгүүд хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэргээр зөвхөн хаалтын төлөвлөгөөний судалгааны ажлаар хязгаарлагдалгүй, өргөн хүрээнд, олон талын ажилд оролцож байсныг тэмдэглэн хэлэх ёстой.

– Уул уурхайн компаниуд төдийгүй төрийн байгууллагуудын анзаарч, үйл ажиллагаандаа тусгах шинэ санаанууд төслийн I үе шатанд гарсан байх?

– Канадын төрийн байгууллагуудын ашигладаг “Concordance Table” буюу нийцэл шалгах хүснэгтийн загварыг ашиглан уурхайн хаалтын төлөвлөгөөний агуулгад тавигдах шаардлагуудыг тодорхойлсон ажлыг онцолж дурьдахыг хүсэж байна. Уул уурхайн компаниуд ч, Монгол улсын төрийн байгууллагууд ч цаашид уурхайн хаалтын төлөвлөгөөнд хяналт тавихдаа ийм нийцэл шалгах хүснэгт ашиглавал ажил тодорхой, үр дүнтэй болохын зэрэгцээ, олон нийт, иргэд ямар мэдээлэл авах шаардлагатайгаа хялбархан тодорхойлох боломжтой болох нь анзаарагдсан.

– Салхитын уурхайн хувьд ажиллаад эхэлсэн хойно нь уурхайн хаалтын төлөвлөгөөг нөхөж хийж байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын түвшинд хэлэлцэж байгаа өнөө цаг үед уурхайн хаалтын талаар ярихгүй байхын аргагүй. Танд ямар санал байна вэ?

– Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх уурхай ирэх 3-5 жилд үүний нэгэн адилаар хаалтын төлөвлөгөөг нөхөж хийх болно.

– Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө зөвхөн төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаар зогсохгүй, оролцогч бүх талууд, цаашилбал эрдэс баялгийн салбарын хувьд ч үнэ цэнтэй мэдээлэл, туршлага болж байна. Анзаарагдсан шинэлэг зүйлүү танд байгаа байх, тийм үү?

– Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөөний жишиг төсөл дээр ажилласан багуудын энэ хугацаанд олж авсан туршлага, ажигласан, анзаарсан зүйлс бүгд цаашдаа салбарын хувьд үнэ цэнэтэй мэдлэг болон үлдэж байгаа юм. Бидэнд анзаарагдсан нэг зүйлийг энд дурьдахад Салхит дээр байгаль орчин, нийгмийн чиглэлээр өмнө хийгдсэн суурь судалгааны тайлангуудыг бэлтгэхдээ уурхайг хаах асуудлыг анхааралгүйгээр хийсэн тул өнөөдөр уурхайн хаалтын шалгуур үзүүлэлтүүд тодорхойлоход ашиглах мэдээллүүд дульмаг байх жишээтэй.

– Төрийн өмчит компани дээр уурхайн хаалтын жишиг төслийг хэрэгжүүлсний онцлог, давуу талыг Та юу гэж харж байна вэ?

– Жишиг төслийн хүрээнд Салхитын уурхай дээр боловсруулсан уурхайн хаалтын төлөвлөгөөний хувьд цаашдаа жижиг болон дунд хэмжээтэй уул уурхай төслүүдэд уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулахдаа санаа авах мэдээллүүдийг агуулж байгаа. Гэхдээ үүнээс хамаагүй том үнэ цэнэ цаана нь бий болсонд л бид гол анхаарлаа хандуулах ёстой.

– Уул уурхайн төсөл хэрэгжиж буй сумд, аймгуудын удирдлага, иргэд, албан хаагчид Дундговь аймаг болон Гурвансайхан сумынхнаас очиж уурхайн хаалтын шалгуур тодорхойлох, уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах явцад хийгддэг хэлэлцүүлгүүдийн явцад иргэд болон уул уурхайн компани хооронд хэрхэн ойлголцол, итгэлцэл бий болдог, хэрхэн өөрсдийн зүгээс санал бодлоо тусгуулдаг, уул уурхайтай зэрэгцэн амьдрах талаархи арга эвээ олдог талаар туршлага судлах хэрэгтэй. Төрийн ч бай, хувийн ч бай өмчлөлтэй уурхайн хувьд эздүүд нь хаалтыг зохих ёсоор хийхгүй тохиолдолд эцсийн зардал нь ард түмний нуруун дээр буюу улс, орон нутгийн төсөв дээр ирэх гээд байдаг эрсдэлтэй.

– Төрийн өмчит компаниудын хувьд уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулж, зардал төлөвлөх нь тухайн уурхайг сонгуулийн мөчлөг, түүнийг дагасан удирдлага менежментийн томилгооны өөрчлөлтөөс хамаагүй хол цаг хугацаанд харах, шийдвэр гаргах боломж олгож байгаа гэдэг утгаараа манай уул уурхайн салбарын ирээдүйд чухал ач холбогдолтой юм.

– Ярилцсанд Танд баярлалаа.