Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг зохион байгуулна

untsugmn 2023-06-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 27-28-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай энэ үеэр “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт бол маш том платформ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих, цахим худалдаа, залуу бизнес эрхлэгчид, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн томоохон хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Үр дүнд нь Монголын бизнесүүд экспортод чиглэсэн үйл ажиллагаагаа гадаадад сурталчлах, бизнесийн харилцаа тогтоох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх асар өндөр ач холбогдолтой” гэлээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, экспортыг төрөлжүүлэх замаар эдийн засгийг тэлэхэд онцгой анхаарч, бүхий л шатны арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын экспортын бүтцийг аваад үзвэл 97 хувь нь уул уурхайн экспорт, 3 хувь нь уул уурхайн бус экспорт эзэлж байна. Монгол Улс эрчим хүч, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөдөө аж ахуйн гаралтай экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх нөөц бололцоо дүүрэн бий. Эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд энэхүү чуулга уулзалт үр дүнгээ өгнө” гэлээ.

Хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь туслах зорилгоор Нэгдсэн үндэстний байгууллагын харъяа Олон улсын худалдааны төв Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 20 дахь чуулга уулзалтыг Монгол Улсад хүлээн авахаар болсон байна.

Чуулга уулзалтад бодлого боловсруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагчид болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцох юм. Тухайлбал, 20 гаруй орноос 290 орчим оролцогч, тэр дундаа 150 гаруй компанийн төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байгааг хэлж байв.

Түүнчлэн Хятадаас Алибаба платформ, Энэтхэгээс арьс ширний худалдан авагч, Арабын орнуудаас мах, махан бүтээгдэхүүний худалдан авагч зэрэг экспортын зорилтот зах зээлийн томоохон тоглогчид оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Мөн чуулга уулзалтын үеэр Олон улсын худалдааны төвөөс дэлхийн 20 гаруй улсад хэрэгжүүлж буй “SheTrades” буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилгын хүрээнд Монгол Улсад салбар нэгж байгуулагдаж, Монголын эмэгтэй бизнес эрхлэгчид дэлхийн сүлжээнд нэгдэх боломж нээгдэнэ гэдгийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн энэ үеэр онцоллоо.