“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардууллаа

2020-10-06 56

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардуулж байна.

ЗХУ-Д ХҮРГЭСЭН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭ НЬ ТУХАЙН ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН ХОЁР ЖИЛИЙН ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭТЭЙ 

Сүрэнхорлоогийн Цэгмид гуай 1942 оны арванхоёрдугаар сард 18 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байсан түүхэн үйл явдлын гэрч болж байжээ.

Эх орны дайны халуун цэгт С.Цэгмидийн хамт дөрвөн эмэгтэй явсны нэг нь Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам, Булганаас хоёр хүн явсны нэг нь Долгор гэж эмэгтэй байсан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч наймдугаар сард Дундговь аймагт ажиллах үеэрээ өндөр настан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээж байсан юм.

Үүнээс сар гаруйн өмнө С.Цэгмид гуайг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар тодорхойлсон бөгөөд өнөөдөр олгож байгаа юм байна.

ЗХУ-д хүргэсэн тусламжийн хэмжээ нь тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед үзүүлсэн тусламжийн гуравны нэг нь манай улсаас очсон болохыг шагнал гардуулах үеэр онцоллоо.

ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулж байна.

Элчин сайд И.К.Азизов “1942 оны арванхоёрдугаар сард Монгол Улсаас ЗХУ-д хаягласан тусламжийн цуваа манай улсаас хөдөлсөн. Тус цуваа нь  Улаан арми, ЗХУ-ын ард түмэнд хандивласан гурил буудай, дулаан хувцас, хоол хүнс бүхий нийт 217 галт тэрэг байсан бөгөөд цувааг дагалдаж явсан хүмүүсийн дунд С.Цэгмид багтсан.

Үслэг малгай өмссөн 19 настай бүсгүй фронтод ирж, тусламжийг гардуулж буй зураг хоёр орны түүхийн нэгэн чухал баримт болон гэрэл зурагт үлдсэн. Монголын ард түмэн ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн тусламжийн бэлэг тэмдэг болсон. Тэрхүү тусламжийг үзүүлэхийн тулд Монгол Улс улс орны эдийн засгийг дайны байдалд шилжүүлэн, бүх боломжоо ашигласан.

Бүхэл бүтэн эдийн засгаа нацист Герман бол дагуул улсуудыг бут цохихын тулд хүч нэгтгэсэн ЗХУ-д туслахаар илгээсэн. Манай улс энэ тусламжийг үргэлж санаж, өндрөөр үнэлдэг. ОХУ, Монгол Улсын харилцааны түүхэнд энэхүү хуудсыг бичихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан С.Цэгмид танд гүнээ талархаж байна. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж, ОХУ-ын төрийн одон медалийг гардуулахыг зөвшөөрнө үү” гэлээ.

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар 13 орны 48 иргэн шагнагдсаны нэг нь ийнхүү Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид болж байна.

Холбоотой мэдээ