Суулт зарласан иргэдэд өгнө гэж амласан 40 гэрээ яасан бэ, попуудаа

2020-10-05 69

Жагсаал дуусахаар сугалаагаар өгнө хэмээн амласан 40 гэрээ өг, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нараа

Одоогоос хоёр жил орчмын өмнө “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” гэх сүр дуулиант жагсаалыг нэр бүхий гишүүд удирдан зохион байгуулж байв. Ингэхдээ МАН-ын залуу гишүүд, АН-ын хоёр гишүүнтэй нэгдэн тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулж, энэ хүслээ ч биелүүлсэн. Энэ ч яах вэ болдгоороо болсон. Гол нь энэ үйл явдлын үеэр жагсаал зохион байгуулагчид М.Энхболдоос олон амлалтыг нь нэхэн шаардаж, “Амлалтуудаа биелүүлж чадаагүйн чинь төлөө төрөөс зайлуулах гэж байна” хэмээн орилж байсан билээ. Ийн шаардлага тавин, жагсаж барин амлалт нэхэхдээ тэд өөрсдөө маш энгийн нэгэн амлалт өгсөн байдаг юм. Гэвч тэр амлалт өнөөдрийг хүртэл биелэлээ олсонгүй.

Тухайн үед жагсаалд оролцсон иргэдийн дунд сугалаа явуулж, аз нь шовойсон 40 хүнд Сүхбаатарын талбайд барьсан 40 гэрийг өгнө хэмээн гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар амлаж байв. Угтаа бол иргэдийн хандивын мөнгөөр боссон гэрүүд байсан ч тэд ийн ам гарсан билээ.

Жагсаал зохион байгуулсан эрхмүүд хүслээ гүйцээж, эрх мэдэлд хүрч, харин аз, ёозоо үзэхийг хүлээж зогссон цугласан олон гар хоосон буцсан. Уг нь бол ард түмэн эрх мэдэл, эд хөрөнгө алийг нь ч хүсээгүй. Зөвхөн Монголын нийгэмд шударга ёсыг тогтоож өгөхийн төлөөх гэх үгэнд нь итгэн нэгдэж байсан биз ээ. Харамсалтай нь, жагсаал зохион байгуулагчид “Суултад оролцсон иргэдийн дунд сугалаа явуулж, 40 гэрийг өгнө” гэж өвлийн хүйтэнд суулт зарласан хэдэн мянган иргэний үзэл бодлыг 40 гэрний аль нэгийг азаар авахын төлөөх санаархал, шунал мэтээр харуулаад, тохуурхаад өнгөрсөн билээ.

Туйлдсан иргэдээр “шоу” хийж, улс төрийн хүслээ биелүүлсэн нэр бүхий гишүүдээс 40 гэрээ нэхье. Шударга үнэний дуу хоолой хэмээн өөрсдийгөө тунхагладаг тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нараас шударга нийгмээ тогтоосон уу гэж ам асууя.  Амлалт нэхэн жагсаал зохион байгуулахдаа гаргууд та бүхэн амнаасаа унагасан ганц амлалтаа биелүүлж дөнгөөгүй өдий хүрснээ юу гэж тайлбарлах вэ.

Тэр үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй гишүүн асан попуудаа ядаж ганц амлалтдаа хүрч, жагсаал хийхдээ ашигласан гэрүүдээ орон гэргүй иргэдэд өгөөч, галын аюулд өртөөд өмссөн хувцастайгаа дэрийтэл үлдсэн иргэддээ тараагаач, өрхийн тэргүүн нь хальж одсон өнчин өрөөсөн хүүхдүүдэд бэлэглээч. Өөр бусад амлалтыг чинь бус, албан тушаалаа ахиулахын тулд өвлийн хүйтэнд олон зуун хүнийг хуурсны чинь төлөө ганцхан амлалтыг чинь нэхье. Жагсаал дуусахаар сугалаагаар өгнө хэмээн амласан 40 гэрээ өг, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нараа.

Эх сурвалж: ergelt.mn

Холбоотой мэдээ