Оросын нэгэн сэтгүүлч эмэгтэй өөрийгөө шатааж, амиа егүүтгэжээ

2020-10-03 142

Оросын нэгэн сэтгүүлч эмэгтэй өчигдөр тус улсын Нижний Новгород хотын дотоодыг хамгаалах газрын байрны өмнө өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн байна.

Амиа хөнөөсөн Ирина Славина нь орон нутгийн koza.press мэдээллийн сайтын эрхлэгч байжээ.

Тэрбээр энэ үйлдлийнхээ өмнө Фэйсбүүк хуудсандаа “Миний үхэлд Оросын Холбооны Улсыг буруутгаарай” гэж бичсэн байна.

Славинагийн эрхлэн гаргадаг сайт нь “ямар ч цензургүй, дээрээс захиалгагүй” гэж өөрийгөө сурталчилдаг байжээ.

Өөрийгөө шатаахаас нэг өдрийн өмнө тэр цагдаа нар ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн тухай Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна. Кремлийн бодлогыг шүүмжлэгч, гадаадад дүрвэсэн бизнесмэн Михайл Ходорковскийн санхүүжүүлдэг “Open Russia” байгууллагатай холбоотой ухуулах хуудас, сурталчилгааны материал хайж байсныг тэр бичжээ.

Цагдаа нар Славинагийн тэмдэглэлийн дэвтэр, компьютер, охиных нь нөүтбүүк, нөхрийнх нь гар утсыг энэ үеэр хурааж авсан байна.

ОХУ-ын мөрдөн байцаах товчоо Нижний Новгород хотод өөрийгөө шатаасан эмэгтэйн хэргийг шалгаж эхэлснээ мэдээлсэн ч нэрийг нь дурдаагүй байна.

“Сүүлийн хэдэн жилийн турш бичсэн зүйлийнх нь төлөө албаныхан түүнийг байнга мөрдөж, дарамталдаг байсан” гэж Оросын сөрөг хүчний улс төрч Дмитрий Гудков сошиал хуудсандаа бичжээ.

Орон нутгийн цагдаагийн байгууллага Славинаг ямар нэг хэрэгт шууд сэжиглээгүй, зөвхөн гэрчийн хувиар шалгаж байснаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ