У.Хүрэлсүх Асашёорюүгаас “Цирк”-ийг, Д.Сосорбарамаас “Ард кино театр”-ыг буцааж авах уу?

2020-10-03 263

Богд хааны хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн шинээр нээгдсэн билээ. Уг ажиллагааны нээлтэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн юм.

“Монголын бахархлыг бий болгох, үүгээр дамжуулж эх хэл, өв соёл үеийн үед өвлүүлэн үлдээх, улмаар ард түмэндээ соён гэгээрүүлэх, оюун санааны нэгдмэл чанарыг хадгалах зорилтыг тавин ажиллаж байна. Үүнийг УИХ, Засгийн газар бүрэн дэмжиж байгааг хэлэхэд таатай байна.

Бидний олон мянган жилийн турш амьдралын ахуй, хэв маяг, сэтгэлгээний нь онцлогт оршиж ирсэн Монгол гэж тодотгох болсон соёлыг судлан шинжилж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн ирээдүйг цогцлоох үүрэг нь монгол төрийн төдийгүй хүн бүрийн үүрэг болох ёстой.

Өнгөрсөн хугацаанд бид олон зүйлээ алдаж, гээсэн. Энэ алдаануудыг бид засаж, залруулах ёстой.

Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд төр засаг сул ажилласны харгайгаар түүхэн олон газраа бусдад болон хулгайд алдсан. Энэ бүхнээ эргүүлэн олж авна.

Хууль бусаар алдагдсан өмч хөрөнгөө төрийн мэдэлд эргүүлэн авч, олон түмэндээ зориулан ашиглана.”

хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл 1970 онд баригдсан Улсын Циркийн барилга яах ч аргагүй түүхэн газарт багтах юм. Мөн “Ард” кино театр ч үүнд багтана.

Харин циркийг Асашорюү Дагвадорж аварга хувьчилж аваад Аса цирк нэртэй болсон билээ. Тэгвэл Хүрэлсүх сайдын хэлсэн үг нь Дагвадоржид хандсан уу гэдэг хардлагийг төрүүлжээ. Учир нь Засгийн газрын шинэ яам болох Соёлын яамны сайд С.Чулуун хэвлэлд өгсөн ярилцлагандаа:

“Хамгийн хүнд нөхцөлд байгаа томоохон обьктуудаа алдчихсан байгаа. Кино үйлдвэр, Цирк, Ард кинотеатр, Элдэв-Очирын нэрэмжит театр, тэр бүү хэл Лениний музей хүртэл өмчийн маргаантай байгаа. Эдгээр асуудлууд дээр хууль эрх зүйн орчныг нь судалж байгаад ахин авч үзнэ” гэсэн нь Ерөнхий сайдын үгийг илүү тодорхой хэлчихвүү гэж харагдахаар байна.

Тиймээс Асашорюү, Сосорбарам нар хувьчилж авсан обьектуудаа “алдаж” магадгүй бололтой.

Холбоотой мэдээ