Гавьяатын цол хүртэх цаг нь болсон гавьяатууд

2020-10-03 111

“Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин, Н.Онон нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ. Шагналыг ирэх даваа гарагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулна.

Нийгэмд тулгамдаж буй  шүүмжлэлт асуудлыг хошин урлагаар дамжуулан хөндөж, өөрт ногдсон дүрээрээ илэрхийлэн гаргадаг тэднийг ийн шагнах гэж байгаад баяр хүргэн, алга ташъя. Урлагийн хүн болно гэдэг амаргүй даваа. Хүнд бүхнийг даван гарах эр зориг, тэсвэр, хатуужил, авьяас, ухаан тэдэнд заяажээ.

Жүжигчин Н.Онон гэвэл үзэгчийн сэтгэлд, дэггүй, үсээ хоёр боосон дэрвэгэр хормойтой даашинз охин, эсвэл томдсон хувцас, саравчтай малгайтай хүүгийн дүр буух биз. Эрхэмсэг, хийгээд гал цогтой эмэгтэйн дүрийг ч тэрбээр чадварлаг бүтээдэг нэгэн. Тэрбээр хошин урлагийн эдгээр дүрээс гадна “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг” зэрэг дэлхийн сонгодог бүтээлийн дүрд тоглож,  “Сэргээш”, “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Сайн уу амьдрал минь 2” зэрэг дэлгэцийн уран бүтээлд продюссераар ажилласан туршлагатай. Түүнчлэн Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж, олны хүндэтгэл хүлээсэн уран бүтээлч билээ.

Харин жүжигчин Ж.Мөнхсайхан хөгжилтэй, хошин яриагаараа үзэгчдийг татаж, нийгмийн шүүмжлэлт асуудлыг урлагаар дамжуулан хатуухан хэлчихдэг уран бүтээлч юм. Хөдөөгийн бор хүү, хүүгээ хүлээсэн эхийн дүрийг чадварлаг бүтээдэг билээ.  Тэрбээр “Хайр харуусал”, Хунгийн сүүлчийн дуу зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглож, өөрийгөө чамгүй чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан.

“Өл халзан Мөнхөө” хэмээн өөрийгөө хочилсон Ж.Мөнхсайхан, “Алаг нүдэн” гэж олноо хүндлэгдсэн Н.Онон нарыг Гавьяат хэмээн цоллоход маргах хүн байхгүй биз ээ. Магадгүй энэ цолыг авахыг нь хүлээн суусан үзэгч олон байсан болов уу.

 

 

Холбоотой мэдээ