Н.Алтанхуяг: Засгийг СҮГ шиг байлгасан хүн нь Н.Багабанди

2019-12-13 148

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ардчиллын 30 жилийн ойгоор ээлжит самбартай хэвлэлийн хурлаа хийсэн юм. Тэр үеэр хийсэн мэдэгдэлдээ “Энэ 30 жилийн хугацаанд Монголын ардчилалд өгссөн, уруудсан өчнөөн зүйл болсон. Тиймээс энд би Монголын ардчилалтай холбоотой хоёр зүйлийг л тодотгоё гэж бодсон юм. Энэ 30 жилээс хэдэд нь энэ ардчиллынхан, Ан засаг барьсан юм бэ. 1996-2000 оны хооронд дөрвөн жил “Ардчилсан холбоо-эвсэл” гээд ардчиллын төлөө хоёр нам эвсэж, УИХ-д 50 гишүүнтэй болж, засаг төрийг бүрэн барьсан байдаг. Дараа нь 2012-2014 онд АН 34 гишүүнтэй олонх болж чадаагүй ч, “Шударга ёс” –ы 11, “Иргэний зориг”-ын хоёр гишүүнтэй нийлж олонх болоод хоёр жилийн хугацаанд Засгийг барьсан байдаг. Тэгэхдээ би энд 2015-2016 оныг огт оруулсангүй. Үнэн хэрэгтээ энэ онуудад АН-ын нэрийг барьсан МАНАН-гийн Засгийн газар байсан юм аа. Тийм учраас үүнийг оруулсангүй ээ. Тэгэхээр 30 жилээс зургаан жилд нь Ардчиллынхан энэ Засгийг барьж өөрийнхөө бодлогыг явуулах боломж бүрдсэн. Өнөөдрийг хүртэл монголчуудын толгойд суртал нэвтрүүлгээр юу хийж суулгасан гэхээр ер нь энэ ардчиллынхан Засаг, төр барьж чаддаггүй юм аа гэдгийг дандаа 1996-2000 оны хооронд Засгийн газраа гурван удаа сольж, Ерөнхий сайдаа дөрвөн удаа сольсноор л тайлбарладаг. Үүн дээр тогтож ярихад үүнийг манай ардчиллынхан хийгээгүй юм аа. Харин тэр үеийн Н. Багабанди гэдэг Ерөнхийлөгч ардчиллынхан засаг барьж байсан тэр үеийн бие биеэ огцруулах, өөр хоорондоо үл итгэх, олон Ерөнхий сайдыг томилох томилохгүй байх тэр бүх будлианыг хийсэн байдаг юм. 1996 онд М.Энхсайханы Засгийн газар байгуулагдаад 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тэгээд 1998 оны дөрөвдүгээр сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Энэ бол зүгээр л Ардчилсан холбоо эвсэл дотор гарсан шийдвэр. Тэгээд М.Энхсайхан Ц.Элбэгдоржоор солигдсон. Тэгэхдээ Ц.Элбэгдоржийн Засгийн газар ердөө гуравхан сар ажиллаад түүний Засгийн газрыг огцруулсан.

Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад, 50 хүнтэй эвслийг хооронд нь хэл амаа ололцохгүй болгох асуудлыг хуучин архагууд хийсэн байдаг. Тэр дундаа Ерөнхийлөгч Н.Багабанди их үүрэг гүйцэтгэсэн. Ц.Элбэгдоржийн дараачийн Ерөнхий сайдыг тавихад жинхэнэ Н.Багабандийн Монголын хуулийг, тэр дундаа Үндсэн хуулийг уландаа гишгиж, хувийн сонирхлоор, “Эрдэнэт”-ийн захирлын асуудлыг өөрчлүүлэхгүй байх тал дээр маш хатуу байр суурь барьж, энэ “Ардчилсан холбоо-эвсэл”, цаашлаад Монголын төрийг самарсан.

Яагаад ингэж хэлэв гэхээр Ц.Элбэгдоржийн дараа Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүн бол Да.Ганболд. Гэтэл “Эрдэнэт”-ийн асуудлаас болж Да.Ганболдыг долоон удаа буцаасан. Эвсэл 50 хүнтэй учраас “Манайх энэ хүнээ Ерөнхий сайд болгомоор байна гээд нэр дэвшүүлдэг. Н.Багабанди буцаадаг. Дахиад дэвшүүлдэг. Дахиад буцаадаг. Ингэсээр байгаад долоон удаа буцаасан.

Дараа нь Э.Бат-Үүлийг “Ардчилсан холбоо эвсэл”-ээс нэр дэвшүүлж үзсэн. Бас буцаасан. Сүүлд нь Г.Ганхуягийг дэвшүүлж үзсэн, болоогүй. Ингээд Монгол улс сүүлдээ Ерөнхий сайдгүй бүтэн таван сар Засгийн газар ажиллаж чадахгүй “цус харвасан” хүн шиг болчихсон. Огцорсон Ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэгч, сайдууд нь “сайдын үүрэг гүйцэтгэгч” болчихсон. Бид СҮГ гэж нэрлэдэг юм л даа. Тэгэхээр бүтэн таван сар Засгийг СҮГ шиг байлгасан хүн нь Н.Багабанди байгаа юм. Энэ 7-12 сард сайдын үүрэг гүйцэтгэгчтэй, Засаггүй шахам явж байхад аравдугаар сард нь С.Зориг хорлогдсон байдаг. Ер нь тэр үед их бужигнасан. Монголын төрийг жинхэнэ самарсан” хэмээн хэлсэн юм.

Холбоотой мэдээ