Улаанбаатарчууд түгжрэлээс болж зөвхөн шатахуундаа жилд 320 тэрбум төгрөг алдаж байна

2020-10-01 91

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Системийн сэтгэлгээний лабораторийн багш нар Улаанбаатарын түгжрэлд нөлөөлж байгаа хүчин зүйл, шийдвэрлэх арга замуудыг систем динамикийн загвараар тодорхойлоод байгаа билээ.

Тус лабораторийн эрхлэгч Б.Ууганбаяр iKon.mn -д өгсөн ярилцлагадаа “Улаанбаатарчууд 2012 онд замын түгжрэлийн нөлөөгөөр зөвхөн шатахуунд 120 орчим тэрбум төгрөгийг алдаж байсан бол 2020 оны байдлаар жилд 320 тэрбум төгрөг алдаж байна гэсэн юм. Энэ нь нэг хүн улиралд 60 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм” гэлээ.

Олон улсын үзүүлэлтээр автомашины хурд 10-15 км/цагаас доош хурдтай явж байвал үүнийг 0 зогсолт гэж үздэг байна.

Энэхүү тооцооллоор Улаанбаатарчууд 2020 оны өвөл бүрэн 0 зогсолтод орох тооцоо гарсан байна. Цаг агаар хүйтэрч, хур тунадастай өдөр замын түгжрэл нэмэгддэг. Үүний нэг жишээ өчигдрийн түгжрэл байв. Өөрөөр хэлбэл, энэ өвлийн турш Улаанбаатарчууд өчигдөр шиг түгжрэлтэй байх нь.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгийн үеэр өгсөн мэдээллээр түгжрэлийг бууруулахаар богино, дунд, урт хугацааны түвшний төлөвлөсөн ажлууд бий. Зөвхөн богино хугацааны буюу ойрын үед хийгдэх гурван ажил төлөвлөсөн тухай ярилаа.

Тодруулбал,

  1.  Замын хөдөлгөөний зохион байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн системийг зохион байгуулахаар хөтөлбөр дээр нь ажиллаж байна. Тодруулбал, камерын нэгдсэн систем, RFID технологи, замын хөдөлгөөний ухаалаг удирдлагын системийг нэг платформ дээр байршуулж нэгдсэн төлөвлөлт, хяналтыг хийх боломжтой болно. Үүнийг хэрэгжүүлснээр өмнө нь ярьж байсан бүсчлэлийн хэлбэр рүү орно. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар гэмт хэргийн, зөрчлийн хэргийн хяналт зохицуулалт байдаггүйг нэг системд оруулна. Энэ хөтөлбөр аравдугаар сард шийдэл нь гараад бэлэн болчихно.
  2. Хоёрдугаарт, Зогсоолын нэгдсэн систем. Үүнийг мөн аравдугаар сардаа багтааж хийнэ. Маш олон хот зогсоолыг эзэнтэй болгож, нэгдсэн системд оруулснаар түгжрэлээс гарч чадсан байдаг. Зогсоол болгон хяналттай болно. Цагийн хязгаартай болно.
  3. Гуравт нь, Нийтийн тээвэртэй холбоотой. Дээрх хоёр зохицуулалттай холбоотойгоор хүмүүс автомашинаа өөр зориулалтаар ашиглаад эхэлнэ. Энэ үед нийтийн тээврийн үйлчилгээг шаардах болно. Тухайн үед нийтийн тээвэр нь хэрэгцээндээ тулгуурласан нөөцтэй байх зохицуулалт хийнэ гэсэн юм.

Дээрх ажлуудтай холбоотойгоор нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал шийдэгдэхээр хүлээгдэж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа мэдээлж байлаа. Тодруулбал, 2014 оноос хойш хийгдээгүй байсан нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр улсаас 22, нийслэлээс 26 тэрбум төгрөг батлагдсан, одоо худалдан авалтаа хийхээр судалж байгаа гэсэн юм.

Холбоотой мэдээ