Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэгчдийг тайган болгохыг та дэмжиж байна уу?

2020-09-30 135

-Өвөөдөө хүчирхийллүүлсэн охин 5 удаагийн үйлдлийг нь маш тодорхой мэдүүлжээ-

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа цахим хуудас дээрээ нэгэн зүйл бичсэн нь олон эцэг эхчүүдийн сэтгэлийг өвтгөж байна.

Тэрбээр “Ковид 19- цар тахлын хөл хорионы үед өвөө эмээ дээрээ байсан бяцхан охин өвөөдөө хүчиндүүлж байжээ. Өнөөдөр охины мэдүүлэгт хагас өдрийн турш хамт суулаа. Өглөө цагдаагийн хэлтэс дээр байцаагчруу орохын өмнө охин – би танд 2 өдөр зурсан зураг, бүтээсэн цэцгээ бэлэг болгон авчирлаа. Та намайг хамгаалж чадна гэж надад амлаач гэсээр хоолой чичигнүүлэн бэлгээ өгөхөд ямар хүнд байв аа. Тэнгэр газар нийлэх шиг л сэтгэл сэмрээд явчихлаа. Бэлэгээ нээхээс зүрх шимшрэм. Бэргэж, бэргэж ажлаа дуусган гэртээ ирээд аажуухан уутнаас нь гаргаад захианаас нь эхэллээ. Нандигнан боосон энэ захиаг унших агшинд нүдэнд нулимас бүрхээд үнэхээр амаргүй” гэжээ.

Хэргийн талаар Р.Булгамаа өмгөөлөгчөөс тодруулахад “Энэ хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа. Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ охин мөрдөн байцаалтын явцад 5 удаагийн үйлдлийг маш тодорхой мэдүүлсэн. Хаана, яаж гээд. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхой болсон. Би энэ хэргийн талаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж, хүчирхийлэгч этгээд хариуцлагаа хүлээтэл ам нээхгүй” гэлээ.

Р.Булгамаа өмгөөлөгчийн хувьд өнөөдрийн байдлаар хүчирхийлэлд өртсөн 10 орчим хэрэг дээр ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн охидын өмгөөлөгчөөр дагнан ажиллаж байгаа түүний хувьд охидод олон төрлийн тусламж хэрэгтэй байгааг энэ дашрамд санууллаа. Хэрэг гарсан даруйд бид хүчирхийлэгчийг хорь, цаазла л гэхээс хохирогч болсон охидыг яаж нийгэмшүүлэх вэ гэдэг асуудлаа гээчихдэг. Үнэндээ, тэдгээр охид хохирогч болсноор амьдрал итгэл, хүнд итгэх итгэлээ алдаж, сэтгэлзүйгээрээ давхар хохирдог.

Дээр нь хүчирхийлэгчид энэ талаар хэн нэгэнд хэлбэл аав ээжийг гэмтээнэ гэж заналхийлдэг болохоор хүүхдүүд тэр болгон ам нээдэггүй. Гэвч манайд охидтой ажилладаг сэтгэлзүйч ховор байна. Бяцхан зүрх цээжиндээ ямар их айдас, гомдол тээж явааг тайлах эмч хомс байна. Төр хохирогч болсон хүүхдүүдэд сэтгэлзүйн засал хийлгэж, нийгэмшиж, олонтойгоо зэрэгцэж амьдрахад нь ямар нэгэн тусламж үзүүлж чадахгүй байна.  Өмнө нь шүүх шинжилгээний төлбөрийг хүүхдүүдээс авахаа больсон. Энэ шийдвэртэй адил төр сэтгэлзүйн үйлчилгээгээ болоод охидод үзүүлэх эмнэлгийн төлбөрөө үнэ төлбөргүй болгочихвол олон охидын бие болоод сэтгэлийг илааршуулж, амьдралыг аварна гэдэгт тэр итгэлтэй байна.

ОХИДЫГ ГЭР БҮЛ НЬ ХАМГААЛАХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХЭРГИЙГ НЬ НУУН ДАРАГДУУЛДАГ

Араатан амьтан хүртэл үр төлөө гишгэлдэггүй байтал яагаад бид ийм аймшигт гэмт хэргийн талаар өдөр болгон дуулах ёстой юм бэ. Яагаад бид нэг хэсэг шуурчихаад мартчихдаг юм бэ хэмээн тэрбээр дуу алдаж байна. Учир нь охидыг гэр бүл нь л хамгийн ихээр хамгаалах ёстой. Гэтэл охидыг хүчирхийлж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь ойр дотны хамаатан, садан, ураг төрөл нь байдаг. Энэ ч үүднээс хохирогч болсон охидыг гэр бүл нь хамгаалах нь битгий хэл хэрэгт нь нөлөөлж, нуун дарагдуулж байна.

Р.Булгамаа өөрийн цахим хуудас дээрээ “Ээжийгээ 3 жил Солонгост ажиллах үед хамар хашааны ахынхаа хүчирхийлэлд өртөж байсан охин захидал илгээлээ. Тэр захианыхаа төгсгөлд ээжийн минь явуулж байсан 500$-с илүү ээжийхээ энгэрт 5 минут эрхлэх нь илүү үнэ цэнэтэй… Өнөөдөр би ээждээ ч гомдож, үзэн ядаж байна амьдрах ч хүсэл алга гэж сэтгэлийн үгээ төгсгөсөн байсан. Тухайн үед миний дүү ухаантай байгаарай, ээжийгээ үзэн ядаж болохгүй, ээж нь амьдралын эрхээр чамайг орхин явж, хүний нутагт боолын боол болж ажиллаж байгаад ирсэн. Ээжийгээ битгий буруутгаарай гэж ятгаж аргадахын наагуур суухад ямар хүнд байсан гээч. Охин одоо ээжийгээ ойлгож эхэлснээ илэрхийлсэн” хэмээн мэдээлсэн.

Өмгөөлөгчийн өгсөн мэдээллээр тухайн охиныг хүчирхийлсэн  хамар хашааны ах нь мөн л төрөл садангийн хүн байжээ. Энэ өдгөө тус хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа. Гэтэл охины ээжид нь хүчирхийлэгчийн ах дүү нараас “Энэ бол ураг удмын асуудал. Нэг их дэрвээлгүй шийдвэрлэчих” хэмээн нөлөөлөхийг оролдсон байна.

ТӨРИЙН ХАМГААЛАЛТ,  “ТӨМӨР НҮҮР” ХЭРЭГТЭЙ БАЙНА

Өнөөдрийн нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсон охидын хүчирхийлэл цагдаагийн байгууллагын шатанд замхардаг нь дээр дурдсан хөндлөнгийн нөлөөлөлтэй холбоотой. Хэрэг гарсан даруйд нь хуулийн хариуцлагаар бус хамаатан садныхаа ятгалаар чимээгүй өнгөрөөдөг. Дардаг, тохиролцдог, зарим нь бүр мэдүүлгээсээ ч буцаж, хэргийг хэрэгсэхгүй болгодог явдал байсаар байна. Тиймээс хохирогч болсон охидыг мөрдөн байцаалтын шатанд төр хамгаалалтадаа авах нь хэргийг үнэнээр нь шийдэхэд, хүчирхийлэгч зохих ялаа хүлээхэд тус болохоор байна. Учир нь ихэнх хүүхэд тухайн болсон процессыг үнэнээр нь л мэдүүлдэг. Ямар нэг төсөөлөлгүйгээр ярьдаг гэдгийг өмгөөлөгч онцоллоо.

ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХИМИЙН ТАРИАГААР ТАЙГАН БОЛГОХЫГ ДЭМЖДЭГ

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бага насны хүүхдийг хүчирхийлбэл 12-20 жилийн ял, хэрэг гэмт хэргийн улмаас амь нас нь хохирвол бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг. Гэвч энэ ял өнөөгийн нийгэмд тохирохгүй байгааг өдөр болгон сонсох аймшиг мэдээллүүд харуулах шиг. Өмгөөлөгчийн хувьд энэ тал дээр хэдэн талын байр суурьтай байна.

Юун түрүүнд хохирогч хүүхдэд хүнийн эрх хамгаагүй, харин гэмт хэрэг үйлдэгч этгээдэд хүний эрх хамаатай юм шиг ханддаг энэ хандлагаа өөрчилж, хэрэв хүүхэд хүчирхийлсэн нь нэгэнт тогтоогдвол ямар нэг сонголтгүйгээр бүх насаар нь хорих эсвэл тухайн этгээдийг химийн тариагаар тайган болгох асуудлыг дэвшүүлж байна.  Энэ төрлийн ял дэлхийн зарим улс орнуудад үйлчилдэг. Хамгийн сүүлд  БНСУ хоёр жилийн өмнө Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж, энэ заалтыг нэмжээ.

Судалгаагаар хүчирхийлэл үйлдэгчдийн 30 хувь нь дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай байдаг. Тиймээс ийм ялыг давтан үйлдэж байгаа гэмт этгээдүүдэд оногдуулж, нийгэмд ийм бусармаг гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх тал дээр дорвитой алхам хийх хэрэгтэйг онцолж байна.

Холбоотой мэдээ